Feeds:
Posts
Comments

Image

Энд буй хүн бүр ямар нэгэн зүйлийг хүлээгээд байгаа мэт, эцсийн буудал дээр. Автобуснаас хэн ч үлдэж хоцролгүйгээр бууцгаадаг сүүлийн зогсоол.  Энд өдөр тутмынх нь хэрэгцээг хангачих бүхий л худалдаа үйлчилгээний мухлагууд бий. Гэхдээ нийслэл Улаанбаатарын хувьд захын дараа орох хамгийн хямд үнийг санал болгодог газруудтай. Хүмүүс нь нэг бол их яарсан хурдан хэмнэлтэй, эсвэл цаг хугацаа түүний хувьд зогсчихсон юм юу ч хийхгүй.

Эндэхийг хамгийн сайн мэдэх хүн хэн бэ гэвэл ширхгийн тамхи зардаг эгч. Тэр бараг хэнийг хэдэн цагт ирдэг, хэний нөхөр архи уусан, ямар жолооч хэд дэхь тойргоо хийж байгааг, мөн хэн ирж тамхиа авахыг нь сайн мэднэ. Тамхи ширхэгээр, гар дээрээс зарахыг аль хэдийн хориглочихсон гэж бодож байвал эндүүрч байна шүү. Хууль гарсан ч, гараагүй ч тэд зарсаар л, худалдан авагчид нь авсаар л байх болно. Гол нь өмнөө тавьсан хайрцган дээрээ ил гаргаж зардаг байсныг нь хайрцган доороо нууж зардаг болгосноос өөр ямар ч өөрчлөлт гараагүй.

Автобуснаас буусан хүмүүсийг ёстой л ид ажлыг маналзуулахаар сайхан залуучууд амдаад зогсоцгооно.  Япон, Солонгост нь бол тоож унахааргүй эдэлгээнээс гарчихсан, дуу орчихсон машинуудыг эдгээр залуус “өөд нь татаж” унаагаа болгоод өөртөө ажлын байр бий болгосон нь энэ. “явна шүү, хаачих вэ” гэх асуултыг бууж ирсэн хүмүүсээс лавлаж мянган төгрөгөөр гэр хорооллын гүн рүү үйлчилнэ. Энгийн таксичдын хувьд гэр хороолол руу орохгүй шүү хэмээдэг бол эцсийн буудлын такчичид зөвхөн гэр хорооллоор л явна.  Бороо орсон өдөр үйлчлүүлэгч ихтэй байдаг бол нарлаг сайхан өдрүүд тэдний хувьд бараг орлого хийхгүй байх бараан өдрүүд. Гэр хорооллынхон гэхээр л дандаа мөнгө төгрөггүй, ядарч зүдэрсэн улс байдаг газар биш, ядаж ядарсан нь ч хаяадаа “бурзайдаг”. Тиймдээ ч тэдгээр таксичид байсаар л байгаа.

Залуус шиг тогтмол цугладаг, бас хааяа өнөө такситай “олигархи”-даасаа уруу татчихдаг ах нар бас бий. Золбин нохой ч хүн гэж тоохоо больсон тэдгээр нөхөд эцсийн буудлын байнгын зочид. Явдаггүй, хорогддоггүй, бас бусаддаа саад болоод байдаггүй. Өглөөд сүрхий гэгч нь уулзалдана. Тэврэлдээд л, газрын холоос даллацгаагаад, чанга гэгч нь гар барилцаад л. Ингээд л нэг шил юм босгох тоонд хүртлээ нөгөөгөө хүлээж тоо гүйцэнгүүт түр хугацаанд алга болцгооно. Тоонд нь багтаагүй, эсвэл хамтын санд хөрөнгө оруулах нь багадаж гологдсон нэг нь хаа нэг буланд гомдон сууж, эсвэл нөгөө хэдийгээ бараадан дагана.

Жолоочдын хувьд эцсийн буудал цадаж аваад гарах цайны завсарлага нь. Хоолны газрын эгчийн хэлсэн “порцийн хоол гэвэл цуйван л зарагддаг. Ер нь мантуун бууз, хуушуур, пирошки л явна шүү дээ” гэсэн ч үнэн бололтой. Орж ирсэн хүмүүс ширхгийн хоол л сурагласаар орж ирцгээнэ. Харин гол үйлчлүүлэгчид нь автобусны жолооч, кондукторууд. Эндээс цэвэр цэмцгэр байдал, үйлчлэгч энэ тэр гэх стандартыг биш гэдсээ дүүргээд гарах боломжийг л авна.

Комиссын барааны дэлгүүр бол энд байх бас л зайлшгүй зүйлсийн нэг.  Хорин мянган төгрөгөнд хүүхэддээ нэг гутал, өөртөө нэг цамц аваад гарах боломж ганцхан энд л бий.  Хуучин хувцас гэдгийг нь, мөн хортон үржихээс хамгаалахад зориулж шингээсэн үнэрийг нь хүлээн зөвшөөрч бол шүү дээ.

Махны, гурилны нэрийн барааны дэлгүүрүүд харин ч өрсөлдөөн ихтэйгээр зэрэгцэн оршино. Хоёр ч хүн дарааллан орж ирсэн нь “нохойн хоол” сураглана. Нохойн хоол гэдэг нь нэг хэрчим уушиг, тал бөөр, бага зэрэг сэмж, багахан элэгний тасархай” бүхий гялгар уутан дахь  цуглуулга. “Нохойн хоол дууссан, маргааш 60 ирнэ” гэх, “тэгвэл жижиглэн авъя хоёрыг” гэх яриа үргэлжилж, худалдан авагч 1600 төгрөг сарвайж мөн адил жижиг гялгар уутны талаар дүүргэсэн цуглуулга авна.  Элэг 2500 төгрөг, дотор махан таташ 2200 төгрөг, хонины мах 8000, үхрийн мах 9500, адууны цул мах 8500 гээд бусад сонголтууд ч байна.“Нохойн хоол авъя гэсэн эхнэртээ нөхөр нь манайх нохойгүй биз дээ гээд, хариуд нь эхнэртээ битгий хуц” гэж загнуулдаг онигоо бий. Гэвч зарим худалдан авагчдийн хувьд энэ онигоо биш гэдэг.

Ийнхүү гэр хорооллын хамгийн идэвхитэй цэг бол эцсийн буудал. Тэднийхээ хувьд Чингисийн талбай шиг болзооны газар. Зөрж өнгөрч байгаа хүмүүс хоорондоо “Сонгуулийн үеэр л дуу шуутай, зурагт хуудсаа бариад ирцгээдэг улс төрчдийн тухай, солонгос киноны тухай” ярьцгаана. Автобус ирэх бүрт эцсийн буудал нэг сэргэж бужигнаж, бусад үед нь намжиж намссаар. Эцсийн буудал дээр зугаалж, зугаацаж буй хүмүүс биш хэн нэгнийг хүлээсэн, эсвэл хэн нэгэн хүлээж байгаа хүн рүү яарсан бололтой нь хүмүүс л аж төрнө.

Хэзээ ч ирэхгүйгээр шийдсэн хүүхдээ хүлээн сууж буй асрамжийн газрын хөгшин автобус ирэхийг хүлээн буудал дээр суусаар байдаг шиг. Эцсийн буудлынхан ч мөн хэн нэгнийг хүлээгээд л байх шиг.

ИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй бизнесийн байгууллагууд руу чиглэсэн зарим зөвшөөрлийг хүчингүй болгох тухай ажлынх нь талаар ярилцлаа.

Image

Энэ Засгийн газрын үед өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй зөвшөөрлүүдийн бараг талыг нь хүчингүй болгох нь гэж ойлгож байгаа. Энд яг ямар учиртай ажлын хэсэг байгуулагдаж, хэчнээн зөвшөөрлийн хэдийг нь хүчингүй болгохоор ажиллаж байгаа юм бэ?

-Монгол Улсад хүнд суртал бизнесийн орчинд дарамт ихээр үзүүлдэг. Ерөнхийдөө тусгай зөвшөөрөл, лицензийн тоо нь 1000 хүрчихэж. Үүн дээр бүтэн жилийн турш ажлын дэд хэсэг ажилласан. Бүх яамдуудаас “Манайд тэдэн ширхэг зөвшөөрөл байна.  Үүнийг тэдийг нь багасгая. Үүнийгээ авч үлдье” гэх байдлаар хамтран ажиллаж байгаа. Үүнээс шийдвэрлэхэд хүндрэлтэйг нь дээд түвшинд УИХ-ын гишүүдээс бүрдсэн хэсэг рүү оруулж шүүнэ. Ч.Сайханбилэг, С.Дэмбэрэл, Д.Гарамгайбаатар, Д.Зоригт, С.Бямбацогт нар багтаж байгаа. Ингээд яамдын авч үлдэе гэснийг нь гурван үндэслэлээр дахин шалгаж байна. Нэгд, энэ тусгай зөвшөөрлийг гаргах хууль зүйн үндэслэл нь юу болох, хоёрт, энэхүү зөвшөөрөл нь байхгүй болсон тохиолдолд хэрхэх юм гэдэг талаас нь, эдгээрээс гадна уг зөвшөөрлийг үгүй болгосноор бизнест ямар нөлөөтэй юм гэдгийг нь судлана гэсэн үг.

Яамд энэ гурван үндэслэлээр авч үлдээх итгэл үнэмшил төрүүлэх, хамгаалж чадах эсэхээс хамааран, мөн бизнесийн төлөөллийнхөн уг асуудалд хэрхэн хандаж байгаа зэргээс бидний зөвлөмж гарна.

Энэ бүхний үр дүнд бизнест садаа болдог, бизнес эрхлэх цаг хугацаанаас нь хумсалдаг, авлига руу түлхдэг зүйлс мэдэгдэхүйц хэмжээгээр буурах болно. Өнөөдөр жишээ нь, Зам тээврийн яамныхан л гэхэд жаран хэдэн зөвшөөрлөө авч үлдэе гэж байна. Үүнийг нь бид судалж байгаа. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны хувьд цөөхөн хэдий ч хэрэггүй зөвшөөрөл бас байна гэж яригдлаа. Бас тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг заавал яаман дээрээ байлгах биш тухайн чиглэлээр мэргэшсэн төрийн бус байгууллагууд руу гэрээний үндсэн дээр шилжүүлэх тухай яригдаж байгаа.

-Яг зөвшөөрлийн тооны хувьд хэд юм бэ. Ерөнхийлөгч энэ тоог өмнө хэлэхдээ мянга хэдэн зуу гээд, ажлын хэсэг дээр 900 гаруй гээд, бүр өмнө нь зөвшөөрлийн тоо 200 гаруй байдаг тухай ч ярьдаг байсан. Энэ бүх тооны зөрүү нь зөвшөөрөл гэдгийг ойлгох ойлголтын зөрүү байгаагаас холбоотой юу.

-Зөвшөөрөл гэдэг ойлголт өөрөө их өргөн хүрээтэй. Ажлын хэсгийнхэн хуульд байгааг нь тоолсноор 900 хүрсэн, Нэг хэсэг зөвшөөрлийн тоо 1200 давсныг нь хүчингүй болгосоор энэ тоонд авчирсан юм. Одоо бол энэ 900 дээр ажиллаж, талыг нь хүчингүй болгоё гэж байна. Мөн хуульд байхгүй, хуулиас гадуур зөвшөөрлийн үйл ажиллагааг журамласан тохиолдлууд сайдын тушаал, даргын тушаалаар бий болсон гээд олон байна. Зөвшөөрлийн механизм бий болгох шаардлагаа тодорхойлоогүй, үндэслэл гаргахдаа ганц талын саналыг авсан, ингэхгүй л бол болохгүй нь гэж өөртөө ачаалал авсан, бусдад дарамт болсон зүйлийг оруулж ирсэн учраас тусгай зөвшөөрлийн тоо хэлбэлзэж байгаа юм. Түүнчлэн нэг хууль гараас гарахдаа нэг агентлаг, нэг байгууллага, нэг хэсэг зөвшөөрлийг бий болгож байдаг нь ч нөлөөлсөн байх. Тусгай зөвшөөрлүүд маань яг ингэж хортой ургамал шиг нэмэгдсээр л байгаа юм. Иймд бидний зорилго бол одоо байгаагаа цэгцлэх, дахин үүсэхээс нь сэргийлэх л зорилготой байна.

-Дахин  үүсэхээс яаж сэргийлнэ гэсэн үг вэ?  

-Хуульд төр оролцох оролцоог хязгаарлаж өгнө гэсэн үг.

-Ойлгосонгүй?

-Тусгай зөвшөөрлийг багасгана. Таныг бизнес хийх гэж байхад чинь тусгай зөвшөөрөл өгнө гээд, олон баримт бичиг шаардана гэдэг чинь төрийн оролцоо биз дээ. Бие даасан хууль нь байгаа. Тэр хуульд өөрчлөлт оруулна. Мөн дээрээс нь Ерөнхийлөгчийн институцийн зүгээс санаачилсан Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулиар зохицуулна. Төр нь адилхан хүрз бариад нүүрс ухаад байх биш, бодлогынхоо зөвлөлд анхаарлаа хандуулаад өөрсдөө бизнес хийхгүй болно. Төр аливаа салбарт бодлогоо гаргаад хувийн байгууллагуудын өрсөлдөх орчинг бий болгохын оронд төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулаад хувийн хэвшлийнхнээс давуу талтай оролцдогоос зайлсхийдэг байдлыг өөрчлөх болно.

-Хэлэлцүүлгийг ажиглахад, зөвшөөрлөө цуцлуулах гэж байгаа байгууллагуудын байр суурийг харахад, асуудалд хандах хандлага нь дургүйцсэн, эсэргүүцсэн байдалтай байна. Эсэргүүцэл хэр байна?

-Үнэхээр хандлага дургүй байгаа биз. Манайхны сэтгэлгээ нь ийм болчихсон. Чамайг өөрөөсөө хамааралтай болгох, амыг чинь, хөл гарыг чинь цаасаар скочдох сонирхол нь инстинк байдлаар төрдөг байх. Төрийн бяр чадал нь хуурамчаар амтагдагдаж,  тэр амталсан амтаараа ямар нэг зүйл сэдэж, тэрийг нь сайд дарга нар нь тушаал, тогтоол болгон гаргаж өгдөг систем манайд амь бөхтэй байна.

-Жишээ сонсмоор байна, энэ газраас олгодог яг энэ зөвшөөрөл ямар ч хэрэггүй гэсэн?

-Хасах гээд байгаа дотор дүүрэн л байна. Замын хөдөлгөөний дүрэм бол хэрэгтэй. Зам дээр жип болон эксел ижил эрхтэй. Зам дээрх зохицуулагч буюу төр нь шүгэлдэх, торгох эрхтэй. Гэхдээ илүү зүйл хийж болохгүй. Хүнээс мөнгө авч болохгүй. Нөгөөдүүл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй. Гэтэл өнөөдөр техникийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг нь төр хангах гээд байгааг л хэлээд байгаа юм. Төр өрсөлдөөнийг бий болгох үүрэгтэй болохоос биш оролцох шаардлагагүй. Өнөөдөр яригдаж буй зөвшөөрлүүдийн 50 хувь нь хэрэггүй, шууд бизнес рүү гар дүрсэн нь их байна. Яагаад төр маань А, Б нарт бөөний худалдаа, эсвэл жижиглэнгийн худалдаа эрхлэхийг заагаад байгаа юм бэ. Хувь хүн өөрийнхөө бизнес төлөвлөгөө, зах зээлээ хараад би энд бөөний худалдаа эрхлэх үү, эсвэл жижиглэнгийн худалдаа эрхлэх үү гэдгээ шийдэх сонголт байх ёстой биз дээ.

-Хүмүүсийн хамгийн их мэддэг жишээ нь барилга барихтай холбоотойгоор авдаг зөвшөөрлийн тухай. 128 гарын үсэг тамга даруулах гэж 128 өдрийг зарцуулж байхын оронд хоёр давхар барилга барьчих боломж байсан гэж ярьдаг шүү дээ. Энэ жишээн дээр ярьвал 128 зөвшөөрөл хэд болж буурч байгаа вэ?

-Наад асуудлыг чинь 2010 оноос хойш ярьсан. Худалдаа аж үйлдвэрийн танхимаас анх удаа барилга барихын тулд 128 гарын үсэг зуруулдаг тухай асуудал дэвшүүлсэн юм. Тухайн үеийн ерөнхий сайд, барилгын асуудал эрхэлсэн сайдад харуулахад ийм зүйл байдаг юм уу гэж гайхаж байсан. Тухайн үед багассан, энэ удаад ч улам бүр багасна. Ер нь 70 орчим зөвшөөрөл байна даа. Үүний заримыг нь болих, заримыг нь мэргэжлийн төрийн бус байгууллагуудад өгөх тухай ч яригдаж байна.  Тусгай зөвшөөрөл байх ёстой гэж хамгаалаад байгаа талууд гол зөвтгөлөө “аюулгүй байдал” –тай л холбоод байдаг. Жишээ нь алим оруулж ирэхэд зөвшөөрөл авах ямар шаардлагатай юм. Тухайн компани хортой алим оруулах гэвэл шалгадаг мэргэжлийн хяналтын байгууллага байна, мөн компани яагаад стандартаа бариад явахыг, зах зээл дээрх нэр хүндээ алдахгүйн тулд ажиллана гэж бодохгүй байгаа юм. Ер нь нэг л стандарттай болоод, түүнийгээ л мөрдөе л дөө.

-Төгсгөлд нь, ам.долларын ханшийн өсөлтөөс үүдэлтэй эдийн засаг маань хэцүүдэж байгаа шалтгааны талаар асуухгүй өнгөрч болохгүй нь?

-Уг нь бүр долоон сараас эхэлсэн асуудал шүү дээ. Валютын зохицуулалтын тухай хууль гэж бий. Тэр хуульд тодорхой зохицуулалтыг зөвшөөрсөн байдаг. Тодруулбал, валютын ханшийг удирдах тухай заалт бий. Уг нь удирдана гэхээр ганцхан интервенц хийхийг хэлдэггүй л байхгүй юу. 2013 оныг хүртэл валютын ханшны дэглэмийн тухай зохицуулалт байгаагүй. Ганц өгүүлбэр л байсан нь “валютын ханш чөлөөтэй, уян хатан тогтоно” гэх зүйл байсан. Жил бүрийн мөнгөний бодлого дээр тэр өгүүлбэр нь орж ирээд, хэн ч үүнийг сонирхдоггүйгээр баталдаг байсан. Валютын ханш суларсан, чангарсан гэх асуулт гардаг байсан ч хамгаалах, удирдах механизм нь байхгүй байсан. Харин 2013 оны мөнгөний бодлогод энэ механизмийг нь анх удаа суулгасан бөгөөд “Валютын ханшны эрсдлээс хамгаалах механизмийг улсын хэмжээнд бий болгоно” гэсэн заалтыг оруулж өгсөн юм. Гэвч үүнийг хэрэгжүүлж өгөхгүй байна.

-Хэн хэрэгжүүлэхгүй байна?

-Төв банк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо. Энэ гурав чинь хамтдаа Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг бүрдүүлдэг юм. Энэ гурав чинь Монгол Улсын санхүүгийн байдал тогтвортой байхыг, түүний нэгэн хэсэг болох валютын зах зээлийг тогтвортой байна уу, үгүй юу гэдэг дээр байнга дүгнэлт хийж зөвлөлдөж, арга хэмжээ авч байх ёстой. Валютын ханш чангарахад ч сулрахад ч сөрөг, эерэг үр дагавартай. Экспортод сайнаар нөлөөлдөг, импортод сөргөөр нөлөөлдөг гэдэг нь үнэн л дээ. Монгол Улс анх удаа гадаад худалдааны бланс хангагдлаа гэж ярьж байна. Үүнд нь та нар бүгд үнэмшээд л сайхан гээд л бичээд явж байгаа. Гэтэл энэ бланс бол эцсийн зорилго биш л байхгүй юу. Валютын ханш нь эцсийн дүндээ инфляцийн түвшинд нөлөөлөхгүй хэмжээнд, эсвэл маш бага нөлөөлөх хэмжээнд удирдлагыг хангах ёстой. Төсвийн орлогын хувьд валютын өсөлт нь ашигтай. Гэхдээ ард түмний орлогод ашиггүй. Аль нь чухал юм бэ. Инфляци нь чухал уу, төсвийн орлого нэмэгдэх нь чухал уу. Хэдийгээр 2013 онд анх удаа валютын ханшийн бодлогыг өөрчилсөн ч үйлдэх байхгүйгээр, эс үйлдэл давамгайлуулаад сууж байна. Интервенц хийхээс гадна валютын ханшийн эрсдлээс  сэргийлэх бодлого явуулах учиртай. Хууль зүйн хувьд ийнхүү боломжийг нь бий болгочихоод байхад юу ч  хийсэнгүй.

Өнгөрсөн жилийн валютын ханшийн шокон дээр, биднийг наадамлаж байхад буюу долоон сарын сүүлчээс өсч эхэлсэн. Наймдугаар сарын сүүл хүртэл, бүр есөн сарын дунд хүртэл дээш явсаар байсан.  Гэтэл энэ хугацааны үеийн протолыг нь харах гэхээр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл нь амарчихсан байгаа юм. Зөвхөн Төвбанк ажиллаж, бусад нь амраад алга болчихсон байсан. Тэднийг хуралдсан эсэхийг, хуралдсан юм бол валютын асуудлыг хэлэлцсэн үү гэдгийг нь протолоос нь хармаар байна.

Өнөөдөр валютын өсөлтөөс болж иргэдийн амжиргаанд нөлөөлж байна. ААН-үүд тендрээс зугтаж эхэллээ. Үүнд төр оролцохоос аргагүй биз дээ. Иргэд, ААН-үүдээс хамааралгүйгээр валют өслөө, гадаадын хөрөнгө оруулалтыг төр өөрөө үргээлээ, ханшийн өөрчлөлтийг урьдчилж харж чадаагүй нь хэний буруу юм бэ. Бодлогын түвшинд авч үзэхгүйгээр за гайгүй болно доо, мөнгө орж ирнэ дээ гээд хүлээгээд бол бүтэхгүй л дээ. Магадгүй энэ асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх ёстой л байх. 

Автобусныхан ажил хаяж, микроныхон үнээ нэмж, такси олдохоо больсон нь өнгөрөгч өдрүүдийг илэрхийлж байлаа. Гэрт минь хүргэж өгөх чиглэлийн автобусныхан ажил хаялтанд оролцсон бололтой, дамжиж байж л харихаар боллоо. Замдаа суусан автобусны кондуктороос автобусныхан яагаад ажил хаях болов гэдгийг тодруулахад “цалин” гэх ганцхан шалтгааныг л хэлэв. Мөн өөрсдийнх нь компанийн ажилчид ч ажил хаяхад бэлэн байгаа гэнэ. Түүний хэлж буйгаар компани нь орлого хийж байгаа ч жолооч кондукторуудынхаа  цалингаас элдэв төрлийн хасалт хийсээр амь зуух төдийхнийг үлдээж өгдөг гэнэ. “Автобусны жолоочийн цалинг хотын дарга нар 900 мянга гэж бодож байгаа байх. Гэхдээ энэ дайны авахын тулд өглөөний 05 цагаас босч бааз дээрээ очиж, шөнийн 23 өнгөрөөж ажлаасаа буух болно. Үүнээс болж жолооч нар  нойрмоглож осол аваар гаргачих гээд байдаг” гэх нийтийн тээврийн жолооч танилын маань хэлсэн үг ч бодогдов.  

Муу цалинтай хүний гараар мөнгө эргэлдэж байгаа цагт кондуктор нь “цавчаа” хийхээс аргагүй. Үүнийгээ жолоочтойгоо хуваалцах бичигдээгүй дүрэм бий гэнэ. Нормтой бензин нь зарим үед хүрэлцэхгүй, хүргэхгүй бол цалингаасаа суутгуулах учир жолооч нар ч бензинээ хэмнэж уруу газар мотороо унтраачихаад давхидаг тохиолдол ч гардаг аж. 

Хамгийн гол нь нийтийн тээврийн үйлчлүүлэгчдэд гол асуудал байдгаас орлого, норм биелдэггүй гэнэ шүү. “Автобусанд сууж байгаа арван хүний хоёр нь мөнгөө төлж байна. Үнэнийг хэлэхэд өдрийн цагаар арван жилийн сургуулийн жаалуудын 200 төгрөгөөр л нийтийн тээвэр чинь голоо зогоож байна шүү дээ” гэх гомдлыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Дарга нар, эрх мэдэлтнүүд үүнийг мэддэггүй байж болно. Өдөр бүр автобусаар зорчдогийн хувьд үүнийг хоёр гараа өргөн баталж чадна. 

Автобус нь битүү хүнтэй, арайхийн сууж, арайхийн бууна. Гэвч үнэхээр сууж байгаа хүмүүсийнх нь ихэнх нь мөнгө төлдөггүй. Үнэн худлаа нь мэдэгдэхгүй өвчтэй гэх үнэмлэхтэй идэр насныхан, тусгай үнэмлэхтэй дэгжин нөхөд, гурав дөрвөн саяын үнэтэй булга минжин шубатай эмээ нар, мэдээж ядруу тааруухан хувцасласан дийлэнх олонх, үүн дээр өмнө нь төлөөд л болдог байсан хэрнээ одоо бүрэн эрхтэй болсон оюутны армийнхан автобусыг дүүргэнэ. Арван хүний хоёр гурав нь л мөнгөө төлнө. 

Орж ирэх хүмүүс нь мөнгөө төлөхгүй бол нийтийн тээврийнхэн алдагдалтай ажиллахгүй гээд яах билээ. Бараг л зөвхөн оюутнууд суудаг Зайсангийн чиглэлийнхэн үгээ хэлж сургуулийнх нь хажуугийн буудлыг алгасан давхидаг ч тал бий. Ингэлээ гээд автобусныхан л буруутаж, оюутнуудын гомдолд дарагдана. Цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч нар автобусанд суухын тулд буудлын араар нуугдах нь ч энүүхэнд.  

Нийтийн тээврийн энэ олон үнэгүй зорчигчдын өмнөөс татвар төлөгчдийн мөнгөнөөс татаас төлдөг гэж бодохоор өнөө төлбөр төлөөд явж байгаа хэдийн халааснаас ч цаагуураа төлбөр нь гарч байгаа хэрэг.  “Хамгийн их үйлчлүүлэгчидтэй хэрнээ, хамгийн алдагдалтай ажиллана” гэдгээс яавч эрүүл менежмент харагдахгүй байлтай. 

Угтаа бол автобусанд суусан хүн бүр л мөнгө төлдөг системд шилжиж, автобус бүр камертай болчихвол нийтийн тээврийн салбар татаас авдаг биш татвар төлдөг болох боломжтой. Дагаад үйлчилгээ,  эргэлт, автобус шинэчлэл ч сайжраад л ирнэ. Өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үнэмлэхийг эрүүл саруул хүмүүс авахын тулд эрх мэдэл бүхий ганц хоёр хүнийг хэдхээн зоосоор “найрахад” л болдог ажээ. Тиймээс эхний ээлжинд бусдын зовлонг жаргал болгон төсвийн мөнгөнөөс хумслагчдыг  чангалах цаг нь болсон мэт.

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 50 төгрөг, хүүхэд 100 төгрөг, цагдаа гэх мэт тусгай үнэмлэхтэй нь 200 төгрөг, оюутнууд 300 төгрөг, бусад бүх хүн 400 төгрөг. Суусан хүн бүр мөнгөө төлдөг болчихож яагаад болохгүй гэж.  

Оюутны холбоод нь амбийцаа татаж,  ахмад настнуудынхаа тэтгэвэр дээр нь автобусаар зорчих тодорхой үнийг нь нэмж өгөөд, зах замбараагаа алдсан эрүүл мэндийн үнэмлэх олгодог явдлыг цэгцлээд өгөх цаг хэдийн болсон. 

Халамжийн улс маань нийтийн тээврийн салбараа татаж унагалаа. Аврах цаг болсон юм биш үү. 

УИХ-ын гишүүдэд зориулсан үзэсгэлэн гаргацгаая. Нэр нь “Бодит амьдралд тавтай морил”, эсвэл “Бид ингэж амьдардаг” ч юм уу. Үзэсгэлэнгийн үзмэрүүд юу байх вэ гэвэл тун энгийн. Эхлээд дээр нь огноо бүхий нүүрсний шуудайнуудыг эгнүүлэн үзүүлнэ. Эхний шуудай нүүрс нь 2000 оны үеийнх. Нүүрс авбал гэрт нь тэргээр хүргэж өгдөг байсан үеийг санагдуулам жинхэнэ шуудайтай нүүрс. Дараагийнх нь 2006 он гэх бичигтэй. Мэдээж нүүрсний шуудай багассан. Дараагийнх нь 2008 он. Шуудай бүр жижигхэн болсоор. 100-ийн шар уутнаас ч жижигхэн болчихсон байдалтай. Тэгээд үүнээс жижигхэн болсон өнөө цагийн шуудай нүүрсийг ч хажууд нь тавьчихья. 

Дараагийн үзмэр бол ургамлын тос. Өнгөрдөг ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн намын даргын хоолойгоо зангируулан байж “иргэд маань ургамлын тосыг шилээр нь ч авч чадахгүй байна” гэж хэлж байсныг санаж байна уу. Ардын амьдралын зовлонг хэлж байгаа нь хүртэл иргэдийгээ шилтэй савлагаатай оливын тос хэрэглэдэг гэж бодож байгаа нь тэр. Иймд ургамлын тосыг яаж граммлаж авдгыг нь харуулья. 50 грамм тос хэдэн төгрөгний үнэтэйг хэлж өгье. Мөн талхны үнэ ямар байдгийг олон гишүүд сонирхох байх. Үзмэрийн шилэн хоргонд атар талх хийчихээд доор нь үнийг нь бичье. Мэдээж махыг орхиж болохгүй. Дотор 10 мянган төгрөгт хүрснээс нь эхлүүлээд нэг килограмм махыг “1200 төгрөг”-нөөс хэд давсан үнэтэй байгааг харцгааг. 

Үзэсгэлэн үзэж байгаа гишүүн бүрт “хоёр шартай усны тэрэг” нэгийг түрүүлээд явуулж бас болно. Мөн үзэсгэлэнг гадаа зохион байгуулж, хөлдүү мөсөн дээгүүр явуулж болох юм. Дараагийн үзмэр жинхэнэ янзтай. Эхлээд нэг гишүүнийг утасны бүхээг шиг хэмжээний хайрцагт оруулна. Дараагаар нь гаднаас нь түгжиж, урдаас бэлтгэсэн нүхээр утаа үлээж оруулна. Бүхээгэн дэх агаарын чанар яг Дэнжийн мянга, Шархадны эцсийн буудал орчмын агаарын агууламжтай адил болтол нь утна. Хахаж цацаж гарахаар амь тэмцэх нь мэдээж. Гэвч гаргахгүй. Харин бүхээгний гэрлийг унтрааж, дотор сонсогдох радиогоор амьдрал сайжирч, хийж бүтээж байгаа зүйл нь бүтэж буй тухай эсвэл өөрсдийнх нь өмнө өгсөн ярилцлагыг гаргаж сонсгоно. Бүхээгний агаарын хэмийг ч хасах руу аваачна. Бүхээгэнд байлгах хугацаа нь нэг чиглэлийн автобус хэдий хугацаанд ирж байгаагаар, эсвэл усанд очерлож зогсох хугацаатай адил байхаар автоматаар тохируулна. Энэ бүхээгт дараагийн гишүүнийг ч мөн нэмээд оруулаад байж болох юм. Яг автобусанд чихдэг шиг. Чихэлдэж агааргүйдээд явах, зам хаалгаад тусгай унаагаар зорчих ямар ялгаатайг мэдрэг. Гишүүдийг эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу гэж ялгаж өрөвдөхгүй, чихээд л оруулна. Тэд “гишүүний бүрэн эрхэнд халдлаа. Биднийг тамлахаа боль” энэ тэр гэж эсэргүүцэх л байх. Гэвч яг л өөрсөд шиг нь сонсоогүй царай гаргаж үзмэрийн зохион байгуулагчид маань өөдөөс нь инээмсэглэх хэрэгтэй. 

Энэ мэтээр өдөр тутмын амьдрал ямар байдгийг харуулсан жижиг зүйлүүдээр үзэсгэлэн гаргавал өөр олон үзмэрүүд зөндөө л олдоно. Зөвхөн гишүүд ч гэлтгүй, амьдралаас тасарчихсан сайд дарга нарт ч урилга хүргүүлье. Ийм үзэсгэлэн нээе гэвэл зөвшөөрөл өгөх болов уу? 

Image

Жил ирэх бүр оролцогчдын тоо, цар хүрээ,  киноны чанараар ахиж буй “48 цаг” богино хэмжээний кино наадмын шилдэг бүтээлүүдийг шалгаруулах ажиллагаа өнгөрөгч амралтын өдрийн орой бахархал, атаархал, талархал, баяр хөөрөөр бялхан амжилттай өндөрлөлөө. 

Энэ өдрийн онцлох эзэд гэвэл Хэнгэрэг Энтертайнментийн залуус байсан бөгөөд тэдний “Хориглоно” бүтээл Монголын кино урлагт тодоос тод хэнгэрэг дэлдэх мэт орж ирлээ. Энэ жилийн уралдаанд оролцсон 31 бүтээл бүгд өөрийн гэсэн хэмнэл, цохилт тодхон байсан бөгөөд эдгээр цохилтоос тодхон байсан нь “хэнгэрэг”-ийнхэн байлаа.      

…Магадгүй, хоёр ертөнцийн голд түр саатаад буй залуусын яриагаар кино эхэлнэ. Ямартаа ч тэд тамд ч биш, диваажинд ч байгаагүй. Яг л очих газартаа хүргэх унааг хүлээн борооноос хоргодон буудал дээр зогсоцгоох зорчигчид шиг. Юуны төлөө буудуулж, юуны төлөө зулын гол болж, ямар зүйлийн төлөө амьдралаа бусдын гарт зольсон талаараа тэд ярилцана. Гуравхан сартай үрдээ бүүвэйн дуу аялан тайвшруулах боломж тэр эхэд байхгүй болсон, энх тайвны төлөө гэх хэрнээ бие биенээ хядаж дайны нэгэхэн хэсэг болж буй тэр залуугийн ирээдүй ч үгүй болсон. Юуны төлөө амьдраад, юуны төлөө нэгнийхээ амьдралыг золиослож байгаа вэ гэдэг асуултыг үзэгчдэд, нийгэмд хандан тавилаа. 1930-аад оны цурхирам гашуудлын хохирогчдын алдхан биестэйгээ хамт шороонд булуулсан, хэнд ч хэлээгүй үгсийг тайзнаа ийн чангаар хэллээ. Ярианд нь автчихсан сэтгэхүйг тэд гэнэтхэн өөр газар аваачаад орхив. Авчирсан газар нь галзуугийн эмнэлэг. Өнөө хэдэн хэний ч мэдэхгүй хохирогчид маань галзуугийн тасгийнханий төсөөлөл болон хувирч байсан нь тэр. Дахиад л “магадгүй” гэе. Магадгүй гэхийн учир нь киног бүтээгч, үзэгчид өөр өөрсдийнхөөрөө ойлгох учраас миний харсан зүйл дутуу, эсвэл огт өөр байж болох. Магадгүй тухайн хохирогчдийн яриа хэлмэгдүүлэлтийг зүгээр л солиорол байсан гэдгийг хэлчих шиг боллоо. Цоожтой өрөөнд нийгмээс тусгаарлагдаж буй “галзуу” гэх оноштой залуусын биеийг хорьж буй ч  сэтгэхийг нь хэн ч цоожлож чадахгүйг ч харуулж байх шиг.  Тэдний төсөөлөл ертөнцийн хаана ч аваачих боломжтой. Гэхдээ галзуугийн тасгийнхан “эрүүл” бидний ч олж хараагүйг харж, төсөөлж байгаа гэдэг нь биднийг өөрсдийг маань эрүүл үү гэх асуултыг ч үлдээв..   

Ийнхүү өнөө хэдэн танил жүжигчид биш хийх нь урдаа байгаа залуусын чадварлаг жүжиглэлт, часхийсэн санаа бүхий эмгэнэлт инээдмийн жанрын “Хориглоно” бүтээл “48 цаг” кино наадмаас “Шилдэг зохиол” “Шилдэг найруулга” “Шилдэг багийн ажиллагаа” шагналуудыг авсан ба гран при гэгдэх “Шилдэг бүтээл”-ийн эзэн боллоо.  

Монголын кино урлаг хөгжиж байгааг, шинэ залуу үе түрэн гарч буйг, гадаадын ямар ч кинотой өрсөлдөхүйц кино бүтээх боломж байгааг залуус харуулсан ба бусад шагналын эзэд ч “шинэхэн одод” байв.  

Богино хэмжээний кино наадмын Шилдэг дууны найруулгаар өнгөрсөн жилийн аварга Absolute pictures-ийн бүтээл шинжлэх ухааны уран зөгнөлт кино “Сүүлчийн хомосапинс” шалгарав. Хүн төрөлхтнийг устгаж байгаль дэлхийд гавъяа байгуулж буй эрдэмтний тухай энэхүү бүтээлд ашигласан дууны эффект, киноны дуугаралт, хөгжмийг онцгой байсан гэж шүүгчид үнэлэв.  

Шилдэг эвлүүлгийг Bekh entertainment –ийн сэтгэхүйн аймшгийн төрлөөр хийсэн “Зургаа” бүтээл авав. “Эвлүүлгэндээ цаг гаргаарай, гаргах гэж буй санааг чинь эвлүүлэг чинь л гаргадаг шүү” гэх уралдааны ерөнхий зохион байгуулагч Н.Цогтбаярын зөвлөгөө олон оролцогчдод санагдсан биз.  

Шилдэг зураг авалтын номинацад Тасаг №6 –ийнханы хийсэн романтик жанрын “Наморе” бүтээлийн зураг авалт шалгарав. Шилдэг зураг авалтыг шалгаруулах хамгийн хүнд байсан байх, ямартаа ч тэд шалгарч чадав.  

Хэдийгээр сонгосон жанраар хийгээгүй хэмээн шалгаруулалтаас хасагдсан ч “Үзэгчдийн таашаалд нийцсэн” бүтээлээр “AMB”-ийн бүтээл “Эхлэлийн эхэнд” кино шалгарлаа. Шинэ амьдрал эхлэхийн өмнөх хүнд амьдралынх нь сүүлийн өдрийг харуулсан, өмнөө тавьсан зорилготойгоор амьдрах ёстойг харуулсан энэ бүтээлээс “амьдралын зовлон бэрхшээл дунд зорилготой хүн л ялагч болдог” гэх санаа тодхон харагдана.  

Уралдаан оролцогчдын бүтээлүүд кино хийнэ гэдэг мөнгө санхүүгээс бус сэтгэлээс хамааралтай зүйл гэдгийг ойлгуулах шиг боллоо. Өгөгдсөн хугацаанд кино бүтээхдээ хэн нэгэнд төлбөр төлөхгүй, мөн зохиогчийн эрхийг зөрчихгүйгээр зохиогчоос зөвшөөрөл авах гээд дүрэм нь кино наадмын онцлог байв. Энд бүтээгдсэн 4-7 минутын кинонууд өнөөдөр дэлгэцнээ гарч буй хоёр цагийн кинонуудаас ч агуулгаараа баян нь олон байлаа. 

48 цаг кино наадмыг цөөн үгээр тодорхойлон сэтгэгдлээ илэрхийлсэн Глоб интернэйшнл төвийн тэргүүн Х.Наранжаргалын  “Харахад харц хурдан, харвахад сум хурдан, санахад санаа хурдан” гэх үг шиг богино хугацаанд тэсрэлт хийсэн бүтээлүүд үнэхээр сум шиг хурц байж чадлаа. 

Хэдийгээр шалгарч шагнал аваагүй ч 48 цагт дэлгэцийн бүтээл хийсэн оролцогчид бүгд ялагчид байв. Эрчүүдийг үнсэлцүүлэх зориг, дурсамжин дахь амьдралыг харуулсан шийдэл, үхэгсдийг дурлуулсан сэтгэлгээ, хэний ч анзаардаггүй хайр, дүргүй хүрч зүүдэнд ором айдас, зүүдний нууц, бодлын хүч, хөлгүй хүн нисэхийн тулд сахиусан тэнгэр болон далавч ургуулах ёстой гэх санаа, үхэлтэй тохиролцон тэмцэн байж үлдээхийг хүссэн зүйл нь өчүүхэн жижигхэн зүйлээс болж өөртэй нь хамт нууцлагдан үлдэж буй тухай таавар, гаднах байдлаас нь хийсэн дүгнэлт өөр байдаг тухай гээд нийгэмд, хувь хүн рүү, дотоод ертөнц рүү хандсан санаануудаар баялаг олон бүтээлүүд байлаа. 2880 багийн “Гэрээслэл”, A-Bros “Хохирогч”, Schizoid Mongoloid “Цагаан сүүдэр”, Revolution Сонголт, Bros Entertainment “Сонголт” Дэгжин нүд “Нөмрөг” E- Film “Эмээ”, У нам “Чамтай”, Цэнхэр тэнгэрийн цаана “2013”, Glow studio “Хөг”, Хасбуу “Харанхуй”, Song records “Тэр бол эмч биш”, Монгол билиг ”Оргилгүй”, Зураас багийн “Андрожин” Eye’ studio “Сахиусан тэнгэр”, ES “Friendship”, Hitmongol “Super spy 008”, Idugan “Цэцгийн хатан”, Нэг “Why ийм юм бэ?”, 18-33 “Шилжилт” 3-р тасаг “Doidy man”, Саарлууд “Box”, Script Mongolia “Амь”, Nerugen “Антибиотик”, No wonder “Weekend”, Metastory “Masked Paranoia”. Эдгээр баг, киноны нэрний ард олон хүний хөдөлмөр, сэтгэл, хүч энерги мэдрэгдсээр. 

Арван гурав дахь жилдээ дэлхийн 116 хотод болж буй 48 цаг кино наадмаас удахгүй бид тодрох болно. Сэтгэл, чадвар, сэтгэлгээ нь жил ирэх бүр өссөөр байхад тэр цаг ойрхон байх нь гарцаагүй.  

Нууц

Эхнэртээ мэдэгдэлгүй нууц данс нээснээс хойш гурван жил болж байна. Энэхүү нууц ажиллагааны төгсгөлд буюу сүүлийн хоёр сар гаруй хугацаанд “ажил ихтэй байна” гэж гэртээ байнга оройтож, ийнхүү өөртөө гаргасан худал чөлөөндөө хотоос 20-оод км-ийн зайтай нэг зуслангийн байшин руу гүйдэлтэй болчихлоо. Зуслангийн зам руу гараад давхихад сэтгэл сэргэж, муу машины маань 1,0 –той мотор хүртэл хүч орсон мэт хүнгэнээд л.

Тэнд “ажиллаж” байгаад ядарчихсан харих учраас ар гэрийн асуудлыг ч анхаарах тэнхэлгүй амьтан унтаад өгчихнө. Эхнэр маань жаахан гомдолтой, сүүлийн үед яагаад өдөр бүр оройтоод байгааг маань асуухад “ажил ихтэй байна шүү дээ” гэх тоймдуухан зүйл яриад л өнгөрнө. Хүү маань ажлаа тараад очиход зурагтай номоо бариад “ааваа та голомт банкнаас усан буу авчрана гэсэн яасан. Яг энэ номон дээр байгаа шиг усан буу, бас усны гутал авчраарай, за юу” гэсээр угтдаг байсан бол энэ хэдэн өдрүүдэд иймэрхүү угталт болсонгүй. Арга ч үгүй биз, долоон цаг болохоос өмнө ирчихдэг байсан аавынх нь хувиар өөрчлөгдөж 11 өнгөрөөж ирдэг болсон учраас тэр. Аавыгаа санаад байгаа юм уу, сүүлийн үед орондоо ч шээчихдэг болсон гэнэ. Би ч үүнийг юугаа мэдэхэв. Өглөөд яараад байна гэж гараад, оройд эхнэрийг юм ярих гээд хажууд суухад “ядраад байна, оройд асуудал шийддэггүй юм, өглөө больё” гэж хуурсаар өдрүүд өнгөрсөөр. “Том, чухал” ажилтай хүний толгойд эхнэрийн ярьж буй “жолооны курсийн багш нь ярьсан тухай, найз нь гэрт ирэхэд ямар хоол хийж өгөх тухай, хүнсний ногоо авах” тухай яриа “чухал биш, жижигхэн” санагдаж байв.

Ингэж эхнэрийг хуурч явсаар яг хоёр сар, арав хоног боллоо. Өнөөдөр хоёрдугаар сарын 13. Маргааш бага хүү Соёмбын минь төрсөн өдөр. Эхнэр маань хоёрдугаар сарын 14-ний өдрийг “Чамдаа валентиний баяраар барьсан хамгийн үнэтэй бэлэг юм шүү” гэж яг жилийн өмнө хэлж бид хоёр хүүгээ өргөн эрхлүүлж байж.

Өнөөдрийн ажлаас чөлөө аваад дэлгүүрээс урьд нь хэлж бэлдүүлсэн хайрцагтай бараагаа, бас замаараа баллон авч ачаад зуслан руу давхилаа. Эндэх ажлаа амжуулчихаад 12-оос өмнө харьчихна гэж бодож байсан чинь болсонгүй. Шөнө харьж чадсангүй, зуслан дээр шөнөжингөө л юм болов.

Дуусчихлаа. Эхнэртээ зориулж барьсан байшин маань дуусч, тоосгон яндангаас дээш хөөрсөн бөмбөлөгнүүдийг бүгдийг бэлэн болгочихлоо. Ямар их баярлах бол, энэ бол мөрөөдөлдөө хамтдаа хүрцгээхийн бэлгэ тэмдэг болсон байшин. / Б.Энхмандах 2020 он/

Image 

Ямарваа нэгэн осол аваар гарах үед хамгийн түрүүнд санаанд ордог тоо бол 103. Хамгийн ихээр үгүйлэгддэг нь түргэн тусламжийнхан. Асуудал л гарахгүй бол байдаг эсэхийг нь анзаардаг ч үгүй ийм л нэгэн хүмүүс болох Яаралтай тусламжийн төвийнхөний ажилтай нь  багахан боловч уншигчдад танилцуулахыг хичээлээ. Ингээд Яаралтай түргэн тусламжийн эмч Э.Пүрэвдаш, жолооч н.Эрдэнэхаш нарын хамт 103-т ирсэн дуудлагын дагуу явцгаалаа.

15 цаг 30 минут. Өглөөнөөс хойш арав гаран дуудлага авсан эмч, жолооч хоёртой замын дундаас нэгдлээ. Бидний хувьд эхний дуудлага даралт ихэссэн дуудлага байлаа. Гэр хорооллын шавар усаар дүүрсэн нүхтэй замаар түчигнүүлсээр явлаа. Өнгөрсөн өдрүүдийн бороо муухан машин, тааруухан жолоочийг бол элбэг суулгаж дөнгөх саад бартааг үүсгэжээ.

Image

Гэр хорооллын хувьд Хан-Уул дүүрэг хамгийн цэгцтэй бол ихэнх гэр хорооллууд замбараагүй, өчигдөрхөн онгорхой байсан хэсэг хашаа хатгачихсан байдаг гэнэ. Мөн хаягаа тодорхой зааж өгөөгүйгээс түргэний тэрэг тойрч будилах нь байдаг аж. Яаралтай тусламжийнхантай сурвалжлаганд гарах гэж байхад ажлын газрын сэтгүүлч эгч “түргэн тусламжийн жолоочид ч айхтар шүү дээ, гэрийнхээ хаягыг хэлсэн чинь хажуугийн хашаан дотор байдаг чингэлгийг яг хэлж байна билээ” гэж байв. Үнэхээр түргэний жолооч газар андахгүй болохоос ч аргагүй ажилтай аж. “Өмнө очиж байсан айл шиг байна” гээд шууд л гэртээ очиж байгаа юм шиг хаяг усгүй гудамж сүлжсээр давхиад оччихов. Өвөл энэ айлд дуудлагаар ирж байжээ.

Урд нь цус харваж байсан өвөөгийн даралт ихэджээ. “Уг нь гүрийгээд түргэн дуудахгүй байсан юм” гэсээр гэрийн эзэгтэй биднийг тосон авлаа. Даралтныхаа эмийг тогтмол хэрэглэж чаддаггүйгээс бие нь мууджээ. “Эм тариагаа авч чаддаггүй. Эмнэлэгт очоод хэвтэж чаддаггүй. Даатгалаар хөнгөлөлттэй эм авдаг. Гэтэл санхүүжилт нь ороогүй гээд эм өгдөггүй. Улиралд нэг өгдөг 60 мянган төгрөг нь орж ирээгүй” гэх зовлон хэлэх юм.

Сандалгүй учраас ирсэн эмчийг усны 25-ийн шар саван дээрээ суулгав. Юун сандал авах, ширхэг нь 1200 төгрөгийн үнэтэй эм авч чаддаггүй аж. Ширхэг нь 350 төгрөгийн үнэтэй эмнийх нь үйлчилгээ сул учраас даралт ихсэж муудахад нь түргэн дуудахаас өөр арга үлдээгүй бололтой.Image

Өөрийн хүрээллийн хэсгийнхэний л амьдралыг мэддэг, өөрийн хэдэн танилуудын амьдралаар нь нийгмийг төсөөлдөг хүмүүсийг бодвол өдөр бүр олон янзын амьдралтай айлын хаалгаар орж байдаг түргэний эмч нараас л нэг зүйлийг асуувал үнэнийг хэлнэ дээ гэж бодлоо. “Монголд амьдрал ямар байна” гэж.

Эмч маань “Зайсангийн тасарчихсан амьдралтай айлын үүднийх нь гутлаа сольдог өрөөнөөс хэд дахин жижиг амбаарт тав зургуулаа амьдардаг. Орхиод явахад энэ хэдэн хүүхдүүд нь яаж том болно доо гэж бодмоор айлууд олон таардаг” гэв. Өнгөрсөн өвөл нэг тиймэрхүү хавсарга тавьсан амбаарт дуудлагаар түргэнийхэн очжээ. Нүүрс аваад ир гэсэн мөнгөөр нь архи уучихаад ирсэн нөхөр рүүгээ давшилж байгаад гэмтээчихсэн гэнэ. Нусаа гоожуулж, орж гарсан хүн бүрийн гарын даган харах өлөн нүдтэй хоёр гурван жаал, хүйт даасан гэр, согтуу нөхөр, аргаа барсан эмэгтэйн гэрээс дараагийн удаад ямар дуудлага ирэхийг ч бүү мэд гэмээр. 

16.30 минут. Гэрээр дусал хийлгэх гэж түргэн дуудсан дуудлаганд очиж болохгүйг нь хэлж, арга хэмжээ авчихаад дараагийн дуудлаганд гарлаа. Настай ах халуурсан дуудлагаар очиход дуудлага өгсөн өвөө өөрөө хаалгаа онгойлгон өглөө.  Халууныг нь хэмжихэд бараг 39 градус хүрч халуурчээ. Өвөөг эмнэлгийн картаа авчрахаар цаад өрөөнд орох хооронд эмч маань “энэ өвөөд хавдрын асуудал байх шиг байна. Настай хүн бараг халуурдаггүй. Халуурна гэдэг нь энерги ихээр шаарддаг. Настай хүн тийм энерги гаргаж чаддаггүй” юм гэв. Ингээд өвчтөний картыг авчруулж үзэхэд үнэхээр ходоодны хавдраа авахуулж байсан хүн байв. Өвөөгийн халууныг бууруулах арга хэмжээг аваад, хавдраа үзүүлэхийг анхааруулаад гарлаа. Ганц нэгээрээ гэртээ үлдсэн ахмад настнууд жаахан хүүхдийн адил анхаарал шаарддаг. Гэвч олон хүүхдүүд настай аав, ээжийгээ, унаж тусдаг хүнийг ганцааранг нь үлдээдэг тохиолдол олон таардаг гэнэ.  

17 цаг 15 минут. Чойндон өвөөгийн даралт ихэсчээ. “Даралт маань 200 гарчихсан байна” гэх дуудлагыг аваад явж байхдаа түргэний эмч маань “даралтынхаа тоог нарийн хэлээд дуудлага өгч байгаа хүмүүсийг цөөнгүйгийнх асуудалтай байдаг гэнэ” гэв. “Асуудал” гэдгийн учрыг нь очсон хойноо ойлгов. Өвөө даралтаа электрон хэмжигчээрээ үзтэл даралт нь 200 хүртлээ өсчихөж. Гэтэл түргэний эмч ирээд үзтэл даралт хэвийн байв. “Асуудал” гэгч нь даралтны аппаратанд байж. Гэрт нь байсан даралтны аппаратыг шалгаж өгөхөд даралтыг 30-аар зөрүүтэй гаргаж байв. Миний хувьд энэ удаагийн дуудлага шаардлагагүй дуудлага мэт санагдаж байлаа.

17 цаг 50 минут. Дахиад л даралт ихэссэн дуудлага. “Амьсгалахад  хүндрэлтэй” байгаагаа эмчид хэлээд даралтаа хэмжүүлэв. Энгийн нүдээр харвал гайгүй л байх шиг байлаа. Гэвч эмч маань эмнэлэгт хүргэж өгөхөөр авч явахаар болов. Харахад хүнд юм шиг хэрнээ амин үзүүлэлт нь хэвийн, харахад энгийн хэрнээ цаагуураа хүнд байдаг гэдэг нь энэ бололтой. Яагаад авч явахаар болсныг сонирхвол доод даралт нь уначихсан, сонсогдохгүй байгаа тул эмнэлэгийн хяналтанд оруулах шаардлагатай гэв. Ингээд  эмэгтэйг эмнэлэгт хүргэж өгчихөөд дараагийнхаа дуудлагандаа гарахаар хөдөлцгөөв.

18 цаг 20 минут.  Яаралтай тусламжийн үйлчилгээг шуурхай хүргэхийн тулд Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдэд гурван төвтэй болжээ. Эдгээрт эмч, машин, зохицуулагчид нь төвлөрснөөр дуудлагаар очих хурд ч нэмэгдсэн аж. Хоёр жилийн өмнө  Зүүнсалаа, Улиастайгаас дуудлага ирэхэд Багшийн дээдийн урдах төвөөс хөдөлдөг байсан бол гурван хэсэгт хуваагдсанаар энэхүү холын зовлон үгүй болж. Яаралтай очсоны хэрэг ч гарах нь тодорхой. Өнгөрөгч долоо хоногт эмч Э.Пүрэвдаш дээр бага насны хүүхэд тогонд цохиулж ухаан алдсан дуудлага ирсэн гэнэ. Гол нь түргэний машин таван минутын дотор амжиж очсон байна. Хоёр настай хүү нь тогны нүхэнд хоёр хадаас шургуулаад газар дээрээ зүрх нь зогссон байдалтай байв. Эцэг эх нь дэмий сандралдан, элгэндээ тэврээд л уйлаад зогсож байж. Эмч нар шуурхай очиж, зүрхийг сэргээх арга хэмжээ түргэн авсны хүчинд хүүгийн зүрх эргэж цохилсон гэнэ. Энэ тухай сонссоор дуудлагын газарт ирлээ. Дуудлага өгсөн хүн рүү утасдаж, хаягаа тодруулахыг хүсэхэд түргэн тусламж шаардлагагүй болсон тухайгаа хэллээ. Дуудлага өгсөн шалтгаан нь алга болсон ч өмнө өгсөн дуудлагаа буцаадаг нь ховор байдаг гэнэ. Арван хүнд дуудлагаа буцаах шаардлагатай болсон ч хоёр нь л эргэн утасдаж дуудлагаа буцааснаа мэдэгддэг гэв. Мэдээж энэ буцсан дуудлага өөр дуудлаганд очих цагийг хороосон нь тодорхой. 

19 цаг 05 минут.

Гараа эсгэчихээд хутгалуулсан гэж дуудлага өгөх, согтоод тасарчихсан нэгнээ ухаан алдсан гэх зэргээр шаардлагагүйгээр түргэн дуудах, бүр байтлаа түргэн явахаас төвөгшөөх зэргээр 103 -ынхныг дууддаг “ухамсартай” нь олон гэнэ. Энэ бүхний ард өөр нэг шаардлагатай дуудлагын цаг хороогдож, дээрээс нь замын түгжрэл, замбараагүй хаягжилт, ухамсаргүй жолоочдын буруугаас хүрэх газартай хурдан очиж чаддаггүй гэнэ.

Хорооллууд дунд шинээр баригдах байрнуудад тэс өөр тоотой дугаарлалт хийх, хоёр гурван байшин босгосныгоо хотхон гэж нэрлэснээс нь болж сураггүй хотхон, төөрсөн тоотой байшин хайж давхидаг байна. Мөн Голденпарк зэрэг ганц нарийхан замтай, машин тэрэг орж гарахад төвөгтэй газрууд ч улам бүр олширсоор байгаа гэнэ. Яг дээрх шиг машины түгжрэлд гарцаагүй гацаж явсаар дахин нэг “шаардлагагүй” дуудлага авлаа.

 20 цаг 28 минут

Ухаан алдсан дуудлага орж ирэв. 50 настай эмэгтэй долоон цагийн үед ганцаар байхдаа ухаан алджээ. Сахарын өвчтэй бөгөөд гэрийнхэн нь ирж, бага зэрэг чихэртэй цай өгч сэргээсэн гэнэ. Сахарын өвчин нь нас ахих үед өвчтөнийг жинхэнэ сэтгэлийн зовлонд унагаадаг гэх бөгөөд хэзээ ч хаана ч ухаан алдаж унаж болзошгүй гэнэ. Тусламжийг хүргэсний дараа, байнга өөрийгөө хянаж, ганцаар харанхуй гудамж, таньж мэдэхгүй газраар явахгүй байхыг зөвлөлөө. Энэ мэт онцлох багаж шаардлагатай хүмүүс дуудлага өгөхдөө анхаарах ёстой бөгөөд жишээ нь цусан дахь сахарын хэмжээ ихэссэн асуудалтай хүмүүс дуудлага өгөхдөө “сахарын хэмжигч машинтай хүнийг боломжтой бол явуулаач” гэх зэргийг сануулах ёстой аж.    

23 цаг 31 минут. Хамраас цус гараад тогтохгүй байгаа дуудлага ирлээ. Даралт ихэссэнээс хамраас цус гарчээ. Хүний биеийн эд эсүүд нь өөрийгөө хамгаалах бөгөөд цус харвахаас сэргийлж ийнхүү хамрын судас нь задарч цус алдсан аж. 

22 цаг 35 минут.

Ухаан алдалт. Толгой өвдөж гэдэс нь хямарсан гэсээр гэртээ орж ирээд удалгүй ухаан алдаж унажээ. Энэ дуудлаганаас өвчтөний талаарх мэдээллийг дэлгэрэнгүй өгч байх шаардлагатайг дахин мэдрэв. Ухаан алдсан эмэгтэй нь 14 хоногийн өмнө Солонгост нүдний мэс ажилбарт оржээ. Нүдний хараа сайжруулах ийм мэс ажилбар хийлгэснээс хоёр сарын дотор нүдэндээ хурц гэрэл, салхи мэдрэх хориотой байдаг аж. Мэдээж үзлэг хийхээр ирсэн эмч ухаан алдсан хүний нүдний хүүхэн харааг шалгахаар гэрэл тусгах нь тодорхой. Иймд энэ мэт хувийн шалтгаанаа эмчийг үзлэгээ эхлэхээс өмнө хэлж байх учиртай аж.

23 цаг 55 минут.

Хоёр төрөхийн дуудлага авч төрөх эмнэлэгт хүргэчихээд дараагийн дуудлагыг авлаа. Дахиад л төрөлтийн дуудлага. Төрөх эмэгтэйчүүдийн хувьд түргэн тусламжаар очих нийтлэг сонирхол, ойлголт байдаг болчихсоныг бүгд мэднэ. Түргэний машиныг нөхрийнх нь машин дагаж явах бөгөөд уг нь дуудлага өгөлгүй өөрсдөө эмнэлэгт очиж болох л байв. Гэхдээ заавал түргэнээр эмнэлэгт хүргүүлэх сонирхол нь эмнэлгийн үүдэнд дугаарлаж хүлээлгүйгээр шууд үйлчлүүлэх.

Төрөх эмнэлэгийн байгууллагын уялдаа холбоо, журамнаас болж орон нутгаас ирсэн жирэмсэн эхчүүдэд асуудал гардаг аж. Тэр нь бүргэлийн байгууллагын шилжүүлэг хийсэн гэх “нарийн бичиг”. Орон нутгийн хаягтай эхчүүдийг Улаанбаатар хотод Эх нялхас буюу Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хүлээн авдаг аж. Харин цахим үнэмлэхэн дээрх хаяг нь Улаанбаатар хотын аль нэг дүүргийнх болж солигдсон бол харьяалах дүүргийнх нь төрөх эмнэлэг хүлээн авдаг аж. Гэтэл тухайн эмэгтэй шилжүүлгээ хийсэн боловч цахим паспортоо солиулаагүй бол Эх нялхас, дүүргийн төрөх эмнэлгийн хооронд “өөх ч биш булчирхай ч биш” зүйл болчихдог байна. Эх нялхас нь “бид авахгүй, шилжүүлэг хийсэн гэх нарийн бичиг нь байгаа учраас дүүрэг дээрээ очиж үзүүл” гэнэ. Харин дүүргийн эмнэлэг нь “бид авахгүй, орон нутгийн паспорттой хүн байж Эх нялхас руугаа яв” гэдэг аж. Аль аль нь авахгүй гэж цааргалсаар, голд нь жирэмсэн эх хөлд нь чирэгддсээр төрөх цаг нь тулж байж аль нэгэнд нь аргагүй буудаг аж.      

00 цаг 53 минут.

“Бид нар чинь гацуурны мод шиг чагнуур, даралтны аппараднаас эхлээд арван хэдэн төрлийн зүйл өлгөчихсөн явж байдаг юм даа” гэх бөгөөд нээрээ л олон зүйл авч явах аж. Энэ олон чимэглэлд нь гар чийдэн хүртэл байх аж. Хот маань гэрэлтүүлэг сайтай бол энэ хэдэн түргэний эмч нар харанхуй шөнө гар чийдэнтэй найзалж явахгүй гэж бодогдлоо. Харанхуй орцоор өгссөөр хоолойд цэр тээглэсэн гэх дуудлага өгсөн айлд орлоо.Image

 01 цаг 30 минут.

“Баасан гариг гэхэд харин ч тайван байна” гэж ярилцсаар явж байгааг хэн нэгэн сонсчихов уу гэлтэй цагдаагийн газраас дуудлага орж ирэв. 25-р эмийн сангийн хажуугийн барны хажууд нэгэн залуу ухаангүй зодуулсан дуудлага байлаа. Биднийг очиход 25 орчим насны залууг авах юмгүй болтол нь зодчихсон, газар дээр цагдаагийн бүрэлдэхүүн ирчихсэн “залууг ийм болгосон нөхдийг барьж авна” гээд түгжээтэй хаалгыг нүдэж зогсов. Залуугийн хамар нь цусандаа битүүрч, хамаг хувцас нь цусанд будагдсан, чихнээс бага зэрэг цус гоожиж байв. Буруу газарт, буруу цагт, хэрэггүй хүмүүстэй хамт байснаасаа болж эрүүл мэндээрээ “тоглуулсныг” нь харахаас нүд хальтрам. Ингээд залууг авч Гэмтлийн эмнэлэг рүү явцгаалаа. Залуугийн ухаан нь замдаа орж гарч, ээжийгээ дуудах бөгөөд магадгүй энэ өдөр архи уугаагүй, өөрийг нь зодсон залуустай орооцолдоогүй, гэр лүүгээ харьсан бол “ээжээ” гэх дуудлагандаа хариу авах байсан биз.

 Гэмтлийн үүдээр залууг дамнуурган дээрээ өргөөд орж ирэх үеэс л цус жинхэнэ утгаараа үнэртэж байлаа. Үүдний орох хэсгийн плитан шалан дээр тогтсон толбонууд бол баасан гаригийн хохирогчдийн үүгээр явсны нотолгоо. Ингээд л оройн шоуны төгсгөл нь энд ирсэн залуусын дунд ороод явчихав. Толгой хагарсан, нүдээ таглуулсан, нүүрээ зүсүүлсэн гээд голдуу залуус. Залуус дундаа сахал нь ч гүйцэд ургаж амжаагүй гэмээр өсвөр насны залуус олон. Зодсон зодуулсан нь ялгаагүй л энд ирцгээж хагарсан толгойгоо оёулахаар очерлох бөгөөд энэ хооронд аль алиных нь ар гэрээс ирсэн ахан дүүс нь зодсон зодуулсан нөгөө талынхныг “ална, дуусгана, цусыг чинь урсгана” гэх зэргээр сүрдүүлцгээнэ. Гэвч Гэмтлийн эмнэлэгийн үүдэнд цагдаагийн хэлтэс байдаг учраас арай ч нэгнийгээ барьж аваад алчдаггүй бололтой.

Хамраас цус гарсан бол зодооноо дуусгаж, зодолдохдоо хүртэл нэгнийгээ боддог байсан үе зүгээр л түүх болж. Залуус харгис болж, нэгнийгээ алах гэдэг болж. Өөрийнхөө дүүтэй, аавтай, бүр ээжтэй ялгаагүй нэгний өөдөөс мод чулуу барьж дайрахдаа ч юм боддоггүй болж. Дэлхийн мөс хайлж дулаарч байгаа шиг, хүний мөс ч хайлсаар байгаа мэт.   

02 цаг 20 минут.

Яаралтай тусламжийн төвийн жолооч, эмч дараагийн дуудлага руугаа явлаа. Тэд өглөөний 08 цагт бууна. Дахиад хэд хэдэн дуудлага тэднийг хүлээж байгаа.Image 

  • Улаанбаатар хотын эмнэлгийн 29 байгууллагын ажлыг дүгнэхэд Яаралтай тусламжийн төвийнхэн үзүүлэлтээрээ нэгдүгээрт орсон амжилт гаргажээ. Өдөр бүр 40 машин гарч, 650 орчим дуудлага дээр очдог байна.
  •  “Өрхийн эмнэлэг сайтай газар дуудлага багатай байдаг нь батлагдсан шүү” Э.Пүрэвдаш
  •   Эмч, эмнэлгийн жолооч хоёр яг л дамнуурган дээрээ хүн өргөөд явж байгаа шигээ хамтран ажилладаг. Гэрэл хангинуулсан машины жолооч өөрийнхөө амь насыг, дуудлага өгсөн хүний амь нас, эмчийн амь нас, мөн замын хөдөлгөөнд оролцогч бусад хүмүүсийн амь насыг давхар хариуцдаг.
  •  Түргэний эмч, жолооч бол Улаанбаатар хотын нэвтэрхий толь. Хэдэн жил 103-т ажилласан жолооч, эмч нар хаяг байр битгий хэл, хэдэн тоот айлд ямар өвчтэй ямар хүмүүс байдгийг мэддэг болчихдог аж. 

Image

Архи уусан гэдэг нь бусдад доромжлуулж болно гэсэн үг биш. “Архичин” байна гэдэг нь хэн нэгэнд өшиглүүлэх эрхийг нь өгсөн гэх үг биш. Гэхдээ ч архи уусан нэгнийгээ хүн гэж үзэхээ бүр больчихож.

Өчигдөр 13 номерийн Шархадны чиглэлийн автобусанд суулаа. Тэр урд талын хаалганы ойр нэг согтуу ах “би гэртээ харьмаар байна, хурдан яваачээ, ямар удаан буудал дээрээ зогсдог юм бэ” гэнэ. Согтуу хүмүүс ч хашгичаад байвал ядаргаатай л даа. Гэхдээ тэр ахын хувьд нэг их орилж хашгичсан зүйлгүй, тэрүүхэн тэндээ л ямар нэг зүйл ярьж үглэнэ. Автобус буудал дээр ирж зогсоход кондуктор, бас автобусанд байсан хүмүүс санаа нэгтэйгээр “наад согтуугаа чирээд буулга” гээд юу юугүй хаалгаруу түлхэнэ. Өнөөх нь мэдээж эсэргүүцэж “хүүе би гэртээ харьмаар байна. Би мөнгөө төлчихсөн. Яагаад намайг түлхээд байгаан” гэнэ. “Наадхаа буулгаачээ” гээд л жолооч зандарна. Өнөө муу согтуу эр байдаг хүчээрээ хаалганы бариулаас зуурчихаад байж байтал олон нийтийг оройлсон нэг залуу хүчтэй гэгч нь түлхэж, өнөөх эр ч цааш унаад явчихлаа. Гэтэл гай болж унахдаа замын хажуугийн хашлага боржурыг мөргөөд толгойгоо хагалчихаж.

Зайлуул даа, гэртээ харих гэж л яваа нэг ядарсан согтуу ингээд цусаа гоожуулаад суучихлаа. Өөрсдөө бол огт уудаггүй мэт, уухаараа үг нь олширдоггүй мэт автобусныханы “нулимж хаясан” эр толгойныхоо цусыг гараараа таглаад чимээгүй сууна.

Буудал дээр зогсож байсан хэсэг эрчүүд үүнд нь дургүйцэв. Хүүе та нар хүн аллаа шүү дээ. Яахаараа автобуснаас түлхэж унагаж байгаа юм. “Алив тэр залуу гараад ир” гэнэ. Согтуу эрийг түлхсэн залууг бүр нэг нөхөр шанаадаад ч амжив. Ингээд автобусныхан, буудлынхан гэсэн хоёр хэсэг болцгоов. Автобусныхан нь “наад согтуу чинь өөрөө болохгүй байсан юм аа” гэцгээж, харин буудлынхан нь “яагаад хүнийг өшиглөж гаргаж байгаа юм” гээд л бужигналдацгаав.

Эрийн цус нэлээд гоожсон тул хэрэг бишдэж автобус аваараа асаагаад зогсов. Хүмүүс ч бууцгаав. Нэг хүн тэнд цусаа гоожуулчихаад сууж байгаа нь олонхийн хувьд огтхон ч сонин биш бололтой. “Хөөе яваачээ, ямар ядаргаатай юм бэ” гэж хашгичиж байсан улс буухдаа “Алив автобусныхаа мөнгийг авья, дараагийн автобусыг чинь хүлээж чадахгүй дөрвөн зуун төгрөгөө авья” гэсээр билетээ буцаааж мөнгөө авж бууцгааж алга болцгоов.

Бүгд наадхаа буулга гэж хашгичиж байсан бол сүүлдээ өнөө түлхэж буулгасан залуу гэмтэн болоод үлдэж буй бололтой. Цагдаа, түргэнийг ч хүлээхээр боллоо.

Нялх хүүхдээ тэврээд явж байсан болохоор хэрүүл уруултай газраас холдож дараагийн буудлаас сууя гээд нэг буудал алхлаа. Дахиад л өөр автобусанд сууж офицер дээр ирлээ. Автобусны эцсийнх нь зогсоол байсан тул бүгд буув. Дахиад л нэг согтуу. Гэхдээ бүр тасарчихсан. Бас дээр нь эмэгтэй. Автобусны жолооч  ч өнөөх эмэгтэйг гаргаж шидэхээр ууртай нь аргагүй ирнэ. Өмнөхөн нь согтуугийн золгүй явдал харсан тул “ахаа наадхаа зөөлөн буулгаа, саяхан нэг согтуу ахыг түлхэж буулгаад тархийг нь хагалчихсан” гээд өнөө эмэгтэйг зөөлөн газардуулав.

Биеэ авч явах чадваргүй эмэгтэйг орхиод явж чадсангүй. 102-т дуудлага өглөө. Хаана байгааг, мөн ямар хүн дуудлага өгсөн болохыг тэмдэглээд дуудлага авлаа гэв. Ингээд л хүлээлээ. Хүмүүс ч газарт хэвтэж буй эмэгтэйн хажуугаар өнгөрсөөр. Гоё ганган хувцастай эмэгтэй биш болохоор тоож байгаа ч хүн алга. Зарим нь бүр хөлөн дээгүүр нь давж алхана. Дуудлага ихтэй байсан бололтой 20 минутын дараа цагдаагийн машин ирээд эмэгтэйг аваад явлаа.

Монголын маань энгийн л нэг өдөр. Өдөр тутамд тааралдаж байдаг л зүйлийн нэг. Шуудай үүрсэн ядруухан улсыг авалгүй давхих автобуснууд, архичин гээд хаалгаараа хавчиж автобусны буудал дээр үлдээх нийтийн унаа, согтуу гээд хөөж буулгах кондукторуудтай өдөр бүр л таарч байна.

Олон зүйлийн эцсийн буруу нь архи ууснаас л болж байгаа ч хүмүүс бидэнд ч асуудал байсаар л байна шүү дээ. Яах вэ дээ, ядарсан нэг согтуу, бухимдсан нэг архичин үглэж л байг, цаадах чинь ч гэсэн таны адил гэр лүүгээ л явж байгаа шүү дээ. Хүнд юу ч тохиолдож болно, хэн ч маргааш согтуу автобусанд сууж болно. Гагцхүү хүний мөс хайлсаар байгаа энэ цагт согтуу биш, эрүүл байгаа та жаахан ч гэсэн хүлээцтэй байж болохгүй гэж үү..

 

Image“Өнөөдөр ямар ч гэсэн уух шалтаг байгаа л юм байна. Аавуудын өдөр юм гээ биз дээ” гэх юм. Уг нь ядаж энэ өдөр өөртөө “би хэр сайн аав билээ” гэж хэсэгхэн боловч бодох учиртай мэт. “Эцэг болох амархан, аав болох хэцүү” гэх үг бий. Эцэг болсон хэрнээ аав болж амжаагүй нь дээрхийн адил энэ өдрийг “уух шалтаг” гэж эндүүрсээр.

Наадхаа дуугүй болгооч гэж хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрчихөөд нойроо харамлах эцэг, үрээ элгэндээ тэвэрч халууныг нь өөртөө авах аав ялгаатай. Шөнө хэд дахин босч хөхөө хөхүүлэх эхнэрээ ядаж нэг удаагийнхад нь өнжөөн амрааж хүүхдээ хуурайлах сэтгэлтэй аав, нялх биетэй эхнэрээ орхиод хувийн цэнгэлээ хөөж шөнөөр хөлийн чимээ, хаалга цохихыг хүлээх зовинол бэлэглэх эцэг ялгаатай. Гэр бүлд нь мөнгө л хэрэгтэй гэж боддог эцэг, хайр халамж анхаарлаар дутаахгүй юмсан гэж боддог аав ялгаатай. Үнэгчлэх, сүүл хөхөж бувагнуулах, гараа идээд инээмсэглэх, хөл дээрээ тэнцэн алхах, ааваа гэж дуудахад нь хажууд байгаагүй эцэг, хүүхдээ өөрөөрөө үлгэрлэн сургаж, хайрлахыг, таних мэдэхэд нь дэргэд нь байсан аавын ямар аз жаргалыг мэдэрдгийг төсөөлөх ч үгүй.

Машинаараа, магадгүй жолоочоороо сургуульд нь хүргэж өгөхдөө утсаараа ярьж, өөр нэгэнтэй “жиргэж”, хүүдээ бэлэглэсэн тоглоом, үнэтэй хөгжим мэтэд үүргээ тохож орхисон эцэг, гараас нь хөтлөн, шавар шавхай дээгүүр тэврэн алхаж, хүүхдийнхээ мөрөөдлийг сонсож алхах ааваас илүүг хүүхэддээ өгч чадаагүй байдаг. 

Завгүй, ядарч байна гэх үгээр хаалт босгосон эцгээс илүү хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хамтдаа хийж, юунд сонирхолтой байгааг нь хөгжүүлэх, гэр бүлтэй байх цагаа ядрах биш амрах цаг болгож чадсан аав илүү аз жаргалтай.       
  
Хувцастай, хоолтой л байвал болно гэж боддог эцэг хүүхдийнхээ тархинаас гадна сэтгэлд нь анхаардаг ааваас ялгаатай.  

Харамсалтай нь бид үүнийг “ажил” гэх зүйлээр шалтаглаад анзаарахыг ч хүсдэггүй. Нэг л их ажил ярьсан хүмүүсээс цаашгүй. Мөнгө олох гэж зүтгэсэн улс. Уулзаж мэндлэхдээ “ажил сайн уу” гэдгээр л хязгаарлагдана. “Ажлаа хийж байгаа юу, ажил чинь хуучнаараа юу, хаана ажиллаж байгаа вэ” гэх үгс нь хожим ямарваа нэг ажил төрөлд тустай болоод ч тэр үү, ажил л ярьж өнгөрцгөөнө. Яг л энэ хандлагаар олон олон хүний хувьд ажил нь нэгдүгээрт, гэр бүл нь хоёрдугаар байранд байрласаар. “Гэр бүлийнхээ төлөө ажиллаж байна” гэх үгээр бамбай хийж гэр бүлээсээ хөндийрсөөр. Аз жаргалтай амьдралын төлөө явж зүтгэж байна гэж бодсоор аз жаргалтай өдрүүдийг алдсаар..

Эцэг байсан бол хүүхдүүд чинь ирээдүйд эцгүүд л болно. Аав байсан бол ирээдүйд хүү чинь жинхэнэ аав болно. Та аав байхыг үлгэрлэсэн бол хүү чинь интернэтэд ээж, аавдаа хайртай гэсэн зураг оруулахаас илүү түрүүлж хариад өөрийн чинь хийдэг ажлыг хийчихээд хүлээж суух болно. Танд эдийн бэлэг бэлдэхээс илүү сэтгэлийн бэлэг өгөх болно. 

Олон аавуудад, “гэртээ харих уу, эсвэл” гэх сонголт хийх үе олонтаа гардаг. Гол нь гэртээ харьснаараа харамсаж байсан удаа ганц ч байдаггүй. 

Та аав уу, эсвэл эцэг үү. Аав юм бол ядаж өнөөдөр гэр лүүгээ яараарай.

60:90:60

60:60:60 гэж юуг илэрхийлж байна вэ? Хариулахад хэцүү байгаа бол 60:90:60 гэж юу болохыг таагаад орхи. Хариулт нь нэг нийтлэг зүйлийг хэлээд байгаа юм. Ингэж хэлээд байхад хүртэл таахгүй нь ээ.  Дахиад “шпи” өгье. Одоо эргэн тойрондоо байгаа залуусыг, эрчүүдийг хараад орхи доо. Ээ дээ, зөв хө. Шуудхан хэлэхэд, ихэнх залуусын маань биеийн харьцаа 60:60:60 болчихож. Арай нас нь яваад ирэхээр энэ харьцаа 60:90:60 болчихно. Яагаад ингээд охидоос ялгагдахааргүй биетэй залуусын тоо олшров. Юунаас болж задрах шахсан гэдэстэй эрчүүдийн тоо өсөв.

Бөөсийг нийгмийн өвчин байжээ хэмээн мэдэгдэж, өнөөх бөөс нь олдохоо байж, хэрэгтэй нэг нь худалдаж авна гэж зар тавьдаг үе ирээд байна. Үүний адил хэзээ нэгэн цагт  цодгор гэдэс, чөрийсөн биеийг бидний үеийн нийгмийн өвчин гэж зарлаж магадгүй. Хэт туранхай байх, хэт тарган байхын аль аль нь өвчин үүсэх нөхцөл болдог гэдэг. Харамсалтай нь бидний үеийнхэн ийм нөхцлийг бүрдүүлчхээд, нийгмийн өвчтөнгүүд болоод алхаж явцгаах юм.

60:60:60. За залуусаа, солонгос сериал “мода”-наас гарахад та нар хаана шингэх гэж байна. Бөгс, бэлхүүс, цээжний тойрог нь ялгаа байхгүй залуус хэр удаан эсрэг хүйстнийхээ сонирхлыг татах бол. Сайн бод.

Саявтархан банкинд дугаарлаад зогсч байлаа. Гэтэл урдхан талд нэгэн охин данснаасаа мөнгө авах гээд ядаж буй бололтой. Үгүй ээ, залуу юм байна. Теллер бүсгүй “Та нүдний шилээ авахгүй бол таныг энэ зураг дээр байгаа хүн мөн бишийг би яаж мэдэх юм. Шилээ ав” гээд л. Харин өнөөх нь “Ээ, яах гээд байгаа юм бэ. Би наадах чинь мөн” гээд л. Ингэж хэсэг юм болсны эцэст өнөөх залуу шилээ авч нүдээ нэг харуулчихаад буцаагаад зүүчихэв. Зайлуул, хиймэл давхраа саяхан хийлгэчихээд явж байгаа юм байж. Энэ яах вэ, сүүлийн үеийн залуус нүүр царайндаа бүсгүйчүүдээс дутахгүй анхаарал тавьдаг болсон, шинэ үе хэмээн ойлгож болох. Гэвч тэр залууг хойноос нь хараад хэн ч эрэгтэй гэж бодохооргүйд л хамаг асуудал байгаа юм. Хөдөлгөөний дутагдал, хувь хүнтэй холбоотой өвчин тэднийг ийм болгодог гэдэг ч амьдралынх нь хэвшил ийм биетэй болгодог. Эдгээр залуус солонгос кино үзээд, гол дүрүүдийг дуурайж нарийхан өмд өмсөж, нүүрээ буддаг болсон гэж олон хүний “амны бай” болдог. Магадгүй бие нь чөрийгөөд ирсэн тул таарах өмд нь солонгос охидын размер болсон  ч юм бил үү, ингээд тийм өмд өмсөхөөс аргагүй болсон байлгүй дээ  гэж бодоод дахин ойлгох гээд байна. Гэтэл тэр Жее гээд нөхдүүд та нарыг харин ч ойлгохыг хүсэхгүй “чиний өмд надад бараг трико” гээд шуудхан л доромжилж байна. Уг нь хүнээр ингэж доромжлуулж байхаар сайн л бодмоор байх юм.

60:90:60. Ээ дээ эрчүүд ээ. Эхнэрүүд чинь хоорондоо нууцаар ярьж байна шүү, цаана чинь. “Нөхрийнхөө биеийг харахаар хүсэл ч төрөхөө байлаа” гэж. Нээрээ бодсон ч хэн л нэг том гэдэс тэврээд хэвтэхийг хүсэх билээ дээ. Чамд хайртай ч гэдэс гэдэг “найз” чинь эхнэрүүдэд таалагддаггүй байх нь. Өдөр ажлын сандал дээр, орой пивоны газрын  буйдан дээр, завсар зайгаар нь машиныхаа суудал дээр, үдэш зурагтын өмнөх орон дээр өнгөрүүлдэг эрчүүд энэ бүлгийн хамгийн идэвхитэй гишүүд бололтой. Гэдэсний хэмжээ нь ажил албандаа хэр удаж буйг, албан тушаал хэр дэвшиж буйг харуулдаг албан бус статистик үзүүлэлт ч гэж яриа бий. Уг нь ажил амьдралаа зохицуулаад гэдэстэй найзлахгүй яваад байх боломж үргэлж л байгаа шүү дээ.

Гол нь 60:60:60-ийнхний дэргэд та нарын өвчин илүү хортой. Тэдний багагүйд цагаан хорхой гэх дайсан байдгийн адил та нарт чихрийн шижин гэж нэг номерын дайсан бий. Таргалалттай холбоотойгоор энэ өвчнөөр өвчлөн, эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж буй 7000 гаруй хүн байгаа гэнэ. Мэдээж энэ бол зөвхөн эмнэлгийн хяналтанд байдаг хүмүүсийн тоо. Өвчин тусах үүр болох гээгүй юм бол залуусынхаа адил сайн л бодох хэрэгтэй.

Жирэмсэн гээд нийтийн унаанд суудал тавиад өгчихмөөр, охин байна гээд араас нь шүгэлдчихмээр залуус олон болжээ. Та нар минь сайн бод. сайн бод. сайн бод.

/Сүүлийн үед хөдөлгөөн дутагдаад 60:90:60 болохоос айсандаа өмнө бичиж байсан бичлэгээ өөртөө зориулж олж  уншив. Зарим нэг нөхдөд маань ч хэрэгтэй тул энд оруулав. Фитнесст явдаггүй юм аа гэхэд, өглөөдөө алхаж ирээд байвал болоод явчихна даа уг нь/