
Хөгжлийн банкны гаргаж буй энэхүү бонд нь Засгийн газрын баталгаатайгаар олон улсын зах зээлд гарч байгаа анхны өрийн бичиг юм. Хэдийгээр олон улсын зах зээлийн нөхцөл тааламжгүй үе таарч байгаа ч сайн нөхцөлтэйгөөр бонд гаргахаар болсон байна. Тус банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, экспортын болон импортыг орлох нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн, хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх үүргээ хэрэгжүүлэхэд бэлэн болж буй аж. Үүнд “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”, “Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөх нөхцөлтэй барих авто зам, эрчим хүчний барилга, байгууламжийн жагсаалтад орсон төсөл” зэргийг санхүүжүүлэх ба энэхүү 600 сая еврогийн бондыг 2012 онд багтаан Сингапурын Хөрөнгийн биржээр арилжаалах ба эхний ээлжинд 20 сая ам.долларын бонд гаргахаар болсон юм. Ингээд энэ талаар Монгол Улсын Хөгжлийн Банкны Тэргүүн дэд захирал Л.Болормаатай ярилцлаа.
-Хөгжлийн банкнаас 600 сая ам.долларын өрийн бичиг гаргахаар болсон талаараа тайлбарлаач?
-Бонд гаргасны давуу тал гэвэл зөндөө олон зүйл байгаа л даа. Нэгдүгээрт, энэ нь дэлхийн зах зээлд Монголыг төлөөлж байгаа бонд, бондын хөтөлбөр. Бондын хөтөлбөр гэдэг утгаараа бид 600 сая ам.доллар гаргачихлаа. Энэ 600 сая ам.долларын эрхийн бичгээ хэзээ ч хамаагүй гаргаж болно. Зах зээлийн хэлбэлзлээс болоод хэзээ л боломж гарч ирнэ тэр үед нь боломжийг ашиглаад хамгийн бага хүүтэйгээр бондыг гаргах тийм бололцоо бий болж байгаа юм. Өөрөөр хэлбэл хэрэгцээтэй үедээ өрийн бичгээ төгрөгөөр болон ам.доллароор,тогтмол, эсвэл хувьсах хүүтэйгээр, 1-10 хүртэл жилийн хугацаатайгаар бондоо гаргах боломжтой. Жишээ нь, Солонгосын Хөгжлийн банк 1990-ээд оны үед ийм хөтөлбөрийг 500 сая ам.доллараар эхлүүлж байсан, одоо тэр хөтөлбөр нь 10 тэрбум ам.доллар болчихсон байгаа юм. Тэгэхээр бид ч бас энэ хөтөлбөрөө эхлүүлж, хямд эх үүсвэрээ төвлөрүүлэн зөв зохистой төслүүдийг санхүүжүүлээд явбал дараа дараагийн жилүүдэд 800 сая, тэрбум доллар ч хүргэх боломжтой.
Засгийн газар Хөгжлийн банкыг маань дэмжээд, манай төслүүдийн чанар сайжрахад давуу талууд аяндаа бий болно. Хөгжлийн банкнаас ингэж бондын хөтөлбөр гаргаснаар жишиг хүүг тогтоож байгаа хэрэг. Ингэж жишиг хүүг тогтоосноор бусад арилжааны банкууд, дотоодын аж ахуйн нэгжүүд олон улсын зах зээл дээр гарах үүд хаалгийг нь нээж өгч байна.
-Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны ажил нэлээдгүй шүүмжлэлд өртөж байсныг та юутай холбож тайлбарлах бол?
-Хөгжлийн банк маань таван сард хаалгаа нээсэн. Шинэ байгууллага, шинэ албан хаагчид, шинэ ажил. Одоо бол банк маань бэхжиж байна. Энэ бүх эхлүүлсэн ажлууд маань шинэлэг. Хөгжлийн банкны үйл ажиллагаа арилжааны банкуудаас бас онцлогтой л доо. Тэр онцлогоос ч хамааран хүмүүсийн ур чадвар хэрэгтэй, энэ болгоныг бүрдүүлэхэд тодорхой хэмжээний цаг хугацаа шаардлагатай. Гэхдээ бид энэ бүхнийг маш амжилттай амжуулсан гэж бодож байна.
Яах вэ хурдтай ажиллаж байгаа мэт харагдмаар байсан бол энд тэндээс 20 сая, 50 сая доллар гээд өрийн бичгүүд гаргаад л яваад байж болно. Гэвч ингэвэл үндсэн бодлоготой нийцэхгүй шүү дээ. Бодлого маань юу гэвэл, Монголын жишиг хүүг тогтоох.
-Хэр хугацаанд хийх ёстой ажлыг хэдий хугацаанд хийсэн бэ?
-Ерөнхийдөө ийм хөтөлбөрийг эхлүүлэхэд гаднын хувийн банкуудад хүртэл 6-8 долоо хоног шаардагддаг. Гэтэл бид төрийн банк, татвар төлөгчдийн банк учраас бүх зүйлийг дангаараа шийдэж болохгүй төр засгийн олон байгууллагуудтай ойлголтоо нэгтгэж, тэднээс санал авах, зөвшөөрөл авах, дүгнэлт гаргуулах шаардлагатай болдог учраас арай илүү хугацаа шаарддаг. Хувийн арилжааны банкуудын хувьд асуудал арай хялбархан хурдан шийдэгдэх боломжтой байдаг. Манай хувьд 5-6 гадаадын байгууллагуудтай хэлэлцээр хийх шаардлагатай болсон. Жишээ нь хөрөнгө оруулагч нарыг төлөөлсөн итгэмжлэгч байгууллага, хөрөнгө оруулагчдад бондыг нь төлдөг, бүртгэдэг байгууллага, зэрэглэл тогтоодог байгууллагуудтай хамтарч ажиллаж, дотооддоо бид Сангийн яам, Хууль зүйн яам, Татварын ерөнхий газар гээд олон байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа учраас энэ ажилд гарцаагүй их цаг шаардагдаж байна. Гэхдээ бид яарч үүнийг гаргаж болохгүй байсан гэдгийг хэлмээр байгаа. Манай улсыг хөрөнгө оруулагчид манайтай ижил зээлжих зэрэглэлтэй орнуудтай харьцуулан жишиж үзнэ. Хөгжлийн банкны бондын хүү болон бусад нөхцөл Пакистан улсынхтай ижил түвшинд гарах уу, хөгжиж буй Филипин, Индонезтэй ижил түвшинд гарах уу гэдэг асуудал нь манай Засгийн газрын болон дотоодын аж ахуйн нэгжүүдийн ирээдүйд гаргах бондын нөхцөл болоод хүүгийн түвшинд нөлөөлөх учраас бид Хөгжлийн банкны анхны бондод маш өндөр ач холбогдол өгч, маш нарийн бодлоготой ажиллах шаардлагатай болж байгаа юм. Ингэж ажилласны хүчинд манай бонд нэлээд боломжийг нөхцөлтэй гарсан. Бид үүнийг үнэхээр амжилт гэж үзэж байгаа.
-Том хөтөлбөрүүдийн санхүүжилт Хөгжлийн банкин дээр очоод л гацчих юм гэж тайлбарлацгаах юм байна шүү дээ?
-Жишээлбэл, манайхан замын хэсгүүд дээр үнэлгээний хороотой нийлээд бүгдийг үнэлчихсэн байгаа. Мөн төмөр зам дээр хийх ажил ихтэй төсөл. 5,2 тэрбум доллар гэж маш их мөнгө. Иймд энэ төсөл дээр хариуцлагатай ажиллахгүй бол болохгүй. Төмөр замын бүхий л шинжилгээг нь хийж дүгнэлтээ гаргаж, өөрсдийнхөө зүгээс шаардлага тавьж хоёр талаасаа хамтран ажиллаад л явж байна. Ер нь бол эхний шатны үйл ажиллагаа дуусч байна. Нөгөөтэйгүүр Монгол Улс маань өөрөө орсон гарсан бүтээгдэхүүнийхээ орлогоор санхүүждэг орон. Гэтэл 2008 онд үүнээс орж ирэх үнэ унасан, тэгэхэд Монгол мөнгөгүй болсон. Тэр хэмжээгээр үнэт цаас үйлдвэрлэлээ гэхэд тэр их хөрөнгийг бид хаанаас олох вэ гэх асуулт тулгарсан. Энэ бүгдийг бид өмнө нь зөвхөн бодож байсан бол одоо зөвхөн бодох биш бодитой ажил хийж байна.
Одоо өмнө маань буй ажлууд болох техникийн зургийг гаргах, ямар компаниар хийлгэхийг сонгох, хаанаас эд материалаа авах, яаж санхүүжүүлэхийг ярилцаад л явж байна. Санхүүжилтийн талаар томоохон банкуудтай яриа хэлэлцээр хийж байна. Түүнээс гадна хөрөнгө оруулалтын сангуудад ч төслүүдээ танилцуулж байна. Үр дүн нь нэлээн нааштай байгаа. Зуун мянган айлын орон сууц хөтөлбөрийн тогтоол нь хүлээгдсэн зэрэг ч манай ажилд нөлөөлж байсан. Одоо инженерийн шугам хаагуур явах, яаж хийх, хэн хариуцах зэрэг дээр яамдууд хоорондоо шийдвэрээ гаргана. Энэ тогтоол нь өөрөө есдүгээр сард гарсан учраас шууд эхлүүлэхэд хүндрэлтэй. Мөн 50 метр квадраттай 50 мянган орон сууцны 6,0 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр одоо л хэрэгжих нөхцөлтэй болж байна. Өнгөрөгч долоо хоногт Үндэсний хорооны хурлаар хэрэгжүүлэх журмыг нь гаргасан. Ингээд журамтай болж, яаж хийхийг ойлгосон гэхээр хэрэгжүүлэх л үлдэж байна. Үүнээс гадна Солонгосын хөгжлийн банктай өөрийнхөө хэлэлцээрийг хийж менежментийн гэрээг байгууллаа. Манай хэлэлцээрүүд дандаа олон улсын түвшинд хийгддэг.
-Хөгжлийн банк урт хугацаатай том хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхгүй байж, богино хугацааны зээл гаргаж арилжааны банкуудын зах зээл булаацалдаж байна гэх шүүмжлэлд хариу өгөөч?
-Тийм зүйл огт байхгүй шүү дээ. Хөгжлийн банкны хийх ажлын хүрээг парламентаар баталж өгдөг. Бүтээн байгуулалт, төмөр зам, 100 мянган айлын орон сууц, Сайншандын цогцолбор гээд бий. Хөгжлийн банкнаас богино хугацааны нэг ч зүйлд ороогүй. Орох ч үгүй. Яагаад гэвэл энэ манай зорилготойгоо нийцэхгүй учраас. Харин яах вэ, Монголын эдийн засгийн бодлоготой нийцэж байгаа маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардах хувийн хөтөлбөрийг бол сонирхож байгаа. Яагаад гэвэл банк маань өөрөө тодорхой хэмжээний ашигтай байх, зардлаа нөхөх ёстой. Улс орондоо садаа болохгүй, төсөвт дарамт болохгүй ажиллах ёстой гэх үүднээс бид том төслүүд дээр хамтран ажиллаж болно. Хөгжлийн банк байгуулагдсаны дараа гадаадын банк, хөрөнгө оруулагчид бүгд наашаа хандаж “Танай улс хөрөнгө оруулалт хийдэг банктай болчихож. Бид хамтарья” гэж байна. Жишээ нь өмнө нь хувийн секторын, дотоодын аж ахуйн нэгжүүдээс төмөрлөгийн үйлдвэр байгуулах гэхэд дотоодын банкуудын маань чадвар бага болохоор санхүүжилт шийдэж чаддаггүй байсан л даа.
-Хөгжлийн банкны удирдлагыг сольсон зэрэг нь нэг л болохгүй байгаа юм байх даа гэх бодол төрүүлж байгаа?
-Миний бодлоор манай ТУЗ үйл ажиллагаагаа сайн явуулж байгаа. Шинэ байгууллагад тулгамдах асуудал маш олон байдаг. Манайх шийдвэрүүдээ ойр ойрхон гаргах шаардлага гардаг. Бүх юмаа шинээр эхэлж байгаа учраас бүх юман дээр ТУЗ-ийн шийдвэрийг гаргах шаардлагатай. Энэ бүхэн дээр бид үргэлж хамтран ажилладаг, хурдтай ажилладаг. Энэ дээр шүүмжлэл байхгүй. ТУЗ-ийн дарга солигдсон дээр бага зэрэг яриа гараад байх шиг байна. Миний ойлгож байгаагаар яг энэ үе шатанд Сангийн яам, Монголбанк манайд яаж хяналт тавих вэ. Санхүүгийн систем гээд ярья л даа. Монголын санхүүгийн системд хамгийн том тоглогч нь Хөгжлийн банк болох гээд байгаа байхгүй юу. Тэр утгаараа энэ бүх байгууллагууд биднийг ойлгох хэрэгтэй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ бүх процессууд нь ингэж явдаг юм байна, ийм ажил хийж байгаа юм байна, тэгвэл энэ дээр нь ийм хяналт тавих хэрэгтэй юм байна, энд нь эрсдэл гарч магадгүй юм байна. Энэ бүхнийг дүгнэх шаардлагатай. Тэр утгаараа Сангийн яамтайгаа нягт ажиллах нь яг энэ үе шатанд зөв учраас Сангийн яамнаас манай ТУЗ дээр хүн тавих нь зөв юм гэдэг үүднээс шийдвэр гарсан байх.
-Зарим гишүүд “Хөгжлийн банкны өмнөөс Засгийн газар мөнгө босгоно гэж юу гэсэн үг юм. Өөрөөр нь ажлыг хийлгэ” гэж хатуурхаж байна билээ?
-Засгийн газар Хөгжлийн банкны өмнөөс гүйнэ гэсэн зүйл байхгүй шүү дээ. Манайхан өөрөө бүх ажлаа хийсэн. Энэ компаниуд, банкуудаа шалгаруулсан. Энэ бүх алхам нь Монголын хувьд шинэ. Банкуудаа шалгаруулсаны дараагаар бүх бичиг баримтуудаа үйлдэнэ. Энэ нь нэлээдгүй хугацааг шаардах нь тодорхой. Дор хаяж хоёр сар гаран хугацаа шаардлагатай.
Мэдээж хэрэг Засгийн газар баталгаа гаргаж байгаа учир Сангийн яамтайгаа хамтарч ажиллах шаардлагатай. Сангийн яам энэ бүх материалыг үзэх, нягтлах хэрэгтэй. Тэгээд зогсохгүй Хууль зүйн яам ч оролцож дүгнэлтээ гаргаж өгнө. Вьетнамд яг ийм хөтөлбөрийг байгуулахад нэг жил борсон гээд бодоход Хөгжлийн банк гурван сарын дотор хийсэн гэдэг маш богино хугацаа. Үүнийг Хөгжлийн банкны удирдлагууд, дотор нь ажиллаж байгаа залуу мэргэжилтэнүүдийн удаан хөдөлмөр, эрч хүчээр л хийсэн.
-Банкны боловсон хүчний хувьд асуудалгүй юу?
-Манай Хөгжлийн банк харьцангуй сайн хүүхдүүдийг авч чадсан. Сургууль төгсч ирж байгаа хамгийн сайн хүүхдүүдийг манайх авч байна. Нөгөө талаас мэдээж хэрэг банкинд туршлагатай хүн байх ёстой. Тэгэхээр нэг талаас туршлагатай, нөгөө талаас шинэ хүмүүсийг аваад хамтдаа ажиллаж болж байна. Гэтэл яг дунд шатны менежмент аваад явчих, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн гээд яг туршлагатай хүн гэхээр хэцүү болж ирж байна л даа. Яагаад гэвэл хэд хэдэн шаардлагууд тавигдаж байна. Тухайн салбартаа туршлагатай байх ёстой, хоёрдугаарт хэлтэй байх ёстой. Англи Монгол. гэх мэт шаардлагууд тавигдаж байгаа. Хамгийн гол асуудал нь юу вэ гэвэл Хөгжлийн банк гэдгээ хүмүүс маань зөв ойлгоосой. Дунд шатны менежмент аваад явчихаар хүн бол аль нэгэн банкны, эсвэл аль нэгэн байгууллагад тодорхой хэмжээний байр сууриа олчихсон хүн байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүн маань тэр ажлаа хаяад, Хөгжлийн банкинд ирэхийн тулд үнэхээр энэ банкныхаа үйл ажиллагаанд итгэх ёстой, энэ үйл ажиллагааг нь дэмжих ёстой. Бас иргэний тодорхой хэмжээний зориг хэрэгтэй байх л даа. Шинэ юм руу хүн чинь шууд үсрээд орчихгүй байна л даа.
-Хөгжлийн банкны хөрөнгө хангалттай байдаг уу?
Манай өөрийн хөрөнгө бол 16,7 тэрбум. Энэ нь шинээр байгуулагдаж байгаа газарт хангалттай мэт боловч том төслүүдийг санхүүжүүлэхэд хангалттай биш. Тиймээс бид Сангийн яамтай ярьж шинэ төсвийн төсөвт 33 тэрбум төгрөгийг тусгаж чадсан. Хөгжлийн банк одоо зээлийн хөтөлбөр дээр ажиллаж байгаа. Түүний дагуу бид 400 сая доллар босгоно гэж бодож байгаа. Эхнийхээ хэлэцээрийг Хятадын Хөгжлийн банктай хийгээд эхэлчихсэн байгаа. Яг нэг сар гэхэд гарын үсэг зурах төлөвлөгөөтэй.
Leave a Reply