Би “хүчиндүүлчихлээ”. Учир нь надад ямар ч сонголт байсангүй. Яг үнэнийг хэлэхэд сонголт байсан л даа. Гэхдээ л би “хүчиндүүлчихсэн”. Яах вэ, ганц намайг биш, бусдыг ч гэсэн “хүчиндэж” байна гэж өөрийгөө тайтгаруулаад өгснийг нь хурдхан өвөртөө хийгээд тэднээс холдохын түүс боллоо. Энэ талаар хайртай хүндээ хэлж сэтгэлийг нь үймрүүлээд ч яах вэ гэж бодоод өвөртөлснөө нэг шалгаад тэднээс холдов. Хар шороон царайтай тэднээс холдож байгаа надтай өөр нэгэн зөрөөд тэдэн рүү очих аж. Бодвол түүнд ч бас сонголт үгүй бололтой.
Бага байхад тэдний тухай зөвхөн сонсч байсан бол одоо бол тэдэнтэй хааяа нүүр тулж, хүслийг нь хангадаг болов. Эрээн рүү явахдаа вокзал дээр анх удаа тэдэнтэй учирсан. Дараа нь Валентины баяраар кино театрт хайртай хүнтэйгээ явж байхдаа таарсан. Таарах ч гэж дээ, хамт яваа хүндээ мэдэгдэлгүй “түүнийхээр болсон”. Түүний дараа нь наадмаар бөх үзэх гэж яваад стадионы өмнө тэдэнтэй тааралдсан. Харин өнөөдөр Үйлдвэрчний эвлэлийн ордонд “Шинэ үе”-ийн тоглолт үзэх гэж яваад муусайн “шагчид”-тай дахиад л тааралдсан минь энэ. Үнэндээ 8000 төгрөгийн үнэтэй тасалбарыг 15000 худалдаж авахыг би хүсээгүй. Гэхдээ л “шагчид”-ын хүслийг гүйцээж худалдаж авсан. Ингэхээр би “хүчиндүүлсэн” л болж таарч байгаа биз дээ. Бооёогийн утасны дугаар байсан бол “Болъё. Энийгээ болиулаач” гэж хашгирах байсан юм, уг нь.
Үзвэрийн цаг ойртох тусам тэдний их зан нь хөдөлж, үнээ өсгөнө. “Дүү хүү өсөөгүй байхад нь авсан нь өлзийтэй байх шүү” гэж заналхийлнэ. “Авбал ав, үгүй бол авах хүн олдоно” гэж томорно. Нэгнийх нь л гарт буйг харвал 50 орчим байгаа бололтой. Түүнийгээ зараад уучихгүй бол гэртээ 350 мянган төгрөгтэй харина гэсэн үг. Нэг өдөрт л ингэж байгаа юм чинь бараг л Бооёогоос ихийг олдог байх аа, тэд. Яах вэ “албан ёсны” тасалбар худалдагчид хувь өгдөг байж магадгүй. Улаан цайм хамгийн сайн суудлуудын тасалбар бөөндөө нэг хүний гарт байгаа юм чинь ингэж хардсан ч яадгийм, ер нь. Тэгээд үүдэнд нь шавсан тэд муусайныг хөөхгүй байгааг, цагдаад хэлж баривчлуулахгүй байгааг хараад л байгаа шүү, бас.
Эрэлтийг нийлүүлэлт гүйцэхээ болиход хомсдол үүсэх эдийн засгийн ухааны томьёо бий. Хомсдолоос “шаг” үүсдэг нийгмийн ухааны томьёо ч бий. Гэтэл бид хомсдол болоогүй байхад ч “шаг” үүсгэдэг томьёололд нэгэнт дасчихжээ. Угтаа бол үүнээс зайлсхийх арга бий. Гэвч, үүнийг өөрчлөхийг хэн ч хүсэхгүй л байна. Оюутнууд нь хөнгөлөлтийн үнэмлэхээ, үзэгчид нь тоглолтын билетээ, зорчигчид нь явах тасалбараа, иргэд нь хүний хөгжлийн мөнгөө авах очероо хүртэл “шаг”-ласаар байна. Шатар мэддэг хүнд хэлэхэд “шаг” гэж бий, гэвч энэ нь “мад” биш хойно аргалж болно. Харин шагчдад бол өөр үг хэлнэ. Амьдралаас минь алга бол…
Leave a Reply