Эрүүл хүн түүхэнд л үлдэх үү, цэвэр байгаль үлгэрт л орших уу?
Эрт цагт “хүн төрөлхтөн” хэмээх нэгэн хүн “цэвэр байгаль” хэмээх хөрсөнд “эрүүл мэнд” гэдэг ногоо тарьжээ. Харамсалтай нь тэр хүн газраа арчилж тордолгүй байсаар “дулаарал, уур амьсгалын өөрчлөлт” гэдэг хөрс болгосон бөгөөд “цөлжилт”, “ундны усны хомсдол”, “биологийн төрөл зүйлийн мөхөл” зэрэг олон хогийн ургамал бий болсон байлаа. Хогийн ургамал нь хэт ихэссэн тул “эрүүл мэнд” гэх ногоо нь ч тун муудсан байлаа. Өнөөх хүн тэр ногоог авч идээд бие нь ихэд муудав. Нэгэнт тэрээр өөр хоолгүй байсан тул өөрийн “ирээдүй” нэрт хүүдээ ч өгөхөөс өөр арга байсангүй гэнэ.
DEAR WORLD
Хязгаар нь үл харагдах цэв цэнхэр тэнгэрийн дор, ногоон нуга, цэцэгт хөндий, тариан шаргал талбай, хурга ишиг майлсан хот айл, хүүхэд залуусын инээд хөөрөөр бялхсан их хотод та бүхэн амьдарч байсан гэдэг үнэн үү? Тэр үед тоолж барамгүй олон төрлийн амьтад амьдарч байсан гэж үнэн үү? Тэнгэрт шувууд нисэлдэж, усанд загас шумбаж, ногоон тал, ой хөвчид амьдарч амьдарч байсан гэв үү? Солонго татдаг байсан гэж үнэн үү? Бороо ороход хүмүүс нуугдан зугтдаггүй баярлан хөөрдөг байсан гэж үнэн үү? Тэр үед усны төлөө дайтдаггүй байсан гэж сонслоо. Дэлхийн дулаарлын улмаас л ундныхаа цэвэр усны 90 хувийг далайн энэ их шорвог ус болгосон гэж дууллаа. Элстэй шар цас биш цав цагаахан цас ордог байсан гэж үнэн үү? Эрүүл агаар амьсгалж дөрвөн улирал ээлжилдэг байсан гэнэ үү? Охид бүсгүйчүүд нь урт сайхан үстэй байсан гэж үнэн үү? Хөвгүүд нь хүссэн үедээ гүйлдэн тоглож болдог байсан гэж үнэн үү? Хүн 100-н насалж болдог байсан гэж үнэн үү? Хүүхдүүдэд эмээ, өвөө гэж байсан гэдэг үнэн үү? Тэр үед ЭРҮҮЛ ХҮМҮҮС байсан гэж үнэн үү? Тэрхүү амьдарч буй цагаа ямар үнэ цэнэтэйг ойлгодог байсан болов уу? Энэ бүхний тухай түүхийн номон дээр л үлдсэн гэдэгт та итгэх үү? Эрүүл хүнийг эндээс хайгаад ч олдохгүйд гайхах уу? Агаар гэдэг зүйл угаараар солигдон, тал хөндий бүхэн цөл болон хувирч, ургамал амьтан устан, ус мөрөн ширгэсэн гэдэгт та итгэх үү? Амьдрал маань хорьхон жилээр хэмжигдэх болсон гэдэгт та итгэх үү? “Байгаль” гэдэг үг үгийн сангаас хасагдсаны адил байх ёстой олон зүйл одоо үгүй болж дээ. Энэ үед олон төрлийн мэргэжил ч шаардлагагүй болсон, орон улс гэж хуваагдах ч хэрэгцээгүй болсон. Биднийг Англи, Монгол, Хятад гэж ялгах аа больсон. Бид бүхний нэр зүгээр л “амьд үлдсэн хүмүүс”. Болдогсон бол бид өнгөрсөн цагт очоод, болох ёсгүй тэр зүйлсийг бүгдийг нь залруулах юмсан. Харамсалтай нь тэр цагт байгаа та нар үүнийг ойлгохгүй, хайран боломжийн хажуугаар үл тоон өнгөрөх юм даа. Өөрийн сууж буй модны мөчрөө хөрөөдөж буй тэнэг мэт өөрсдөө эрүүл мэндээ муутгах хорыг бэлдсээр байх юм. Ухаалаг иргэдээс цэвэр байгаль, Цэвэр байгалаас эрүүл мэнд, эрүүл мэндээс ирээдүйн хөгжил шалтгаалах учиртайсан. Устгая гэвэл уг үндэсийг нь л арилгах хэрэгтэйсэн. Тархин дахь цөлжилтөө арилгасан цагт, тарьсан ногоо маань ургахсан. Үүнд дахиад ганц л зүйл хэлье. Өвчнийг нь биш өвчтөнийг нь эмчлэхийг бид илүүд үзьэ.
Бидний харуусал, хайр, итгэл найдварыг тээсэн энэ захианд маань хариу илгээхийг хүсье. Харин тэрхүү илгээмж нь цэвэр байгаль, эрүүл иргэд байх болтугай.
Leave a Reply